
Хятадын Хүбэй мужийг 149 хүртэлх км цагийн хурдтай хоёр хуй салхи дайран өнгөрсний улмаас багадаа 11 хүн амь үрэгджээ. Хуй салхинд автомашинууд хөмрөн унаж, байшин барилгуудын дээвэр хийссэн байна.
Өнгөрсөн даваа гарагийн орой Хүбэй мужийн Хуаньши, Хуанган, Эжоү, Сяньнин хотуудыг Бофортын үнэлгээгээр 13 баллын хүчтэй салхи дайран өнгөрсөн талаар тус мужийн онцгой байдлын газраас мэдэгджээ.
Хятадын аж үйлдвэр, технологийн төв Хүбэй мужид хуй салхи маш ховор тохиолддог ба хамгийн сүүлд тус мужид 2021 оны 5-р сард хуй салхи гарч байжээ.
Хятадын Үндэсний Цаг уурын төв Хүбэй, Гуаньши, Гуандун, Хайнан, Жилинь, Шаньдун, Ляонинь мужуудад хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулаад байна.
Хэдхэн өдрийн өмнө Гуаньши мужийн нутаг дэвсгэрийг “Майсак” хар салхи дайран өнгөрч, багадаа 6 хүн амь үрэгдэж, 11 хүн ор сураггүй болсон билээ.
Өнгөрсөн мягмар гарагт баруун зүгийн Ганьсү мужид хөрсний нуралт үүссэний улмаас олон арван хүн усанд урссан ба тэдгээр иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Ирэх амралтын өдрүүдэд Хятадын зүүн эргийн бүс нутгаар “Бави” супер хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж.
Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрт жагсдаг БНХАУ-ын нутаг дэвсгэр байгалийн гамшигт өртөх нь нэмэгдсээр байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй салшгүй холбоотойг эрдэмтэд онцолж байна. Хүчтэй аадар бороо, халуун цаг агаар, хар салхины нөлөөгөөр аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, тариа ногоо урсаж, улс орнууд жил бүр олон арван тэрбум ам.долларын хохирол амссаар байгаа билээ.
Reuters









