
Боловсролын яамнаас Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тус сангийн дарга П.Зохихсүрэн дэлгэрэнгүй тайлбар өглөө.
Тэрбээр Боловсролын сайдын тушаалаар гадаадын дээд боловсролын байгууллагад хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар суралцах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг энэ оны зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 30-наас зарлаж, нэг сарын хугацаанд материалыг хүлээн авч, зургаадугаар сарын 29-нд урьдчилсан байдлаар системд байршуулсан байна. Нийт 45 өргөдөл ирснээс нэг нь буцалтгүй тусламж, 44 нь хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамрагдсан гэв.
Материалуудыг нягтлан шалгах явцад зарим өргөдлийн үнэлгээнд алдаа гарсан тул ажлын хэсэг дахин хянан үзэж, дөрвөн иргэний дүнг залруулан эцэслэн баталж, зургаадугаар сарын 30-нд олон нийтэд танилцуулсан байна.
Мөн энэ жилийн байдлаар нийт 200 иргэн хүсэлт гаргаснаас 136 нь бакалаврын түвшинд, 64 нь магистр, докторын шатанд суралцах хүсэлт ирүүлсэн байна. Бакалаврын түвшинд 108, магистрын түвшинд 20 квот батлагдсан бол “2+2” хөтөлбөрт өргөдөл гаргагч байгаагүй тул уг квотыг докторын түвшинд шилжүүлэн өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд докторын шатанд өргөдөл гаргасан хоёр иргэнээс нэг нь тэнцжээ.
Буцалтгүй тусламжийн тухайд нийт 10 иргэн хүсэлт гаргаснаас наймыг нь ярилцлагад урьж, улмаар долоон иргэн тусламж хүртсэн байна.
Боловсролын зээлийн санг зөвхөн зээл олгодог байгууллага гэж ойлгох тохиолдолд бий, суралцагчдад санхүүгийн олон төрлийн дэмжлэг үзүүлдэг гэдгийг албаныхан онцоллоо. Тухайлбал, тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, мөн орон нутагт суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг аж.
Түүнчлэн сангийн санхүүжилт улсын төсвөөс ихээхэн хамааралтай байгааг дурдан, цаашид олон талт санхүүгийн эх үүсвэртэй болох, эргэн төлөлтийг тогтвортой байлгахын тулд арилжааны банкнуудтай хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.
Видео үзэх холбоос:









