
Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд орон даяар болж өндөрлөлөө. Энэ жил 49 мянга гаруй шалгуулагч Элсэлтийн шалгалтад бүртгүүлжээ. Шалгалт 10 хичээлийн хүрээнд явагдсан бөгөөд нийт 194 шалгуулагч 800 оноо авсан байна.
Өнгөрсөн онд 163 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил 31-ээр нэмэгдсэн гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс хэллээ.
Гэвч иргэдийн хувьд энэ жилийн элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдийн дундаж оноо өмнөх жилүүдээс доогуур, түүнчлэн Баян-өлгий аймаг жилийн жилд шалгуулалгчдын дунджаас муу байдаг гэсэн яриа нийгмийн сүлжээнд тархаад байгаа билээ.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц тодруулахад,
“Энэ жил улсын хэмжээнд 49,014 шалгуулагч бүртгүүлснээс 47 мянган шалгуулагч шалгалтдаа орсон байна. Нийт бүртгүүлсэн ирцдээ харьцуулахад 96%-ийн хамрагдалтай байна. Математик, нийгмийн ухаан, Англи хэлийг хамгийн их шалгуулагчид өгсөн бөгөөд улсын дундаж оноогоор эдгээр хичээлүүдэд өссөн үр дүнтэй байгаа. Зарим байгалийн ухааны хичээлүүдэд буурсан зүйл ажиглагдаж байна.
Элсэлтйн шалгалтад оролцож буй хүүхдийн тооноос хамаарч нийслэл, аймаг тус бүр ялгаатай дундаж оноо гардаг. Мөн манай байгууллага аймгуудыг эрэмбэлж, жагсаадаггүй. Хувь судлаачид анализ хийж өсөлт болон бууралт ажиглаж байгаад эрэмбэлээд албан бус мэдээллүүд явж байдаг.
Баян-Өлгий аймгийн хувьд хүүхдийн тоо, хэл, cоёлын ялгаатай байдлаас хамаарч гүйцэтгэл нөлөөлж байна уу гэдгийг судалгааны үндэслэлтэй харах хэрэгтэй юм” гэлээ.
Цахим орчинд хамгийн их маргаан дагуулж байгаа хичээлийн шалгалт бол Математик. Боловсрлын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалт дууссаны дараа албан ёсоор мэдээлэл хийхдээ математикийн хичээлийн хувьд,
- 33 мянга 114 шалгуулагчаас 874 нь 600-699 оноо,
- 209 нь 700-800 оноо авчээ.
Өөрөөр хэлбэл, нийт шалгуулагчдын 2.6 хувь нь 600-аас дээш, 0.6 хувь нь 700-аас дээш оноо авсан байна. Энэ нь математикийн шалгалтын өндөр оноо авсан сурагчдын эзлэх хувь харьцангуй бага байгааг харуулж байна гэлээ.
Мөн аймаг, нийслэлээр нь авч үзвэл Улаанбаатар хотод хамгийн олон буюу 17 мянга 268 шалгуулагч математикийн шалгалт өгсөн байна.
Үүнээс,
- 485 нь 600-699,
- 114 нь 700-800 оноо авч, өндөр оноотой шалгуулагчдын тоогоор улсын хэмжээнд тэргүүлжээ.
Н.Мэнд-Амар









