
Сонгодог урлагийн уян тансаг хөдөлгөөн, орчин үеийн контемпорари урлагийн эрх чөлөөт илэрхийллийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн “Дөрвөн Улирал” балет болон контемпорари тоглолт энэ сарын 4-ний өдөр 20:00 цагт Парк дахь SocialPay Park-ийн задгай тайзнаа үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
G River Балет сургалтын төвөөс зохион байгуулж буй энэхүү тоглолт нь зөвхөн урлагийн үзүүлбэр бус, сонгодог урлагийг орчин үеийн залууст илүү ойртуулж, балетын урлагийн үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилготой соёлын томоохон арга хэмжээ юм.
Нийт 10 гаруй уран бүтээлч оролцох уг тоглолтод Дэлхийн Балетын Гранд Приксийн алтан медальт, мэргэжлийн балетын бүжигчин Нямбаяр, контемпорари балетын бүжигчин Наранбаатар нар тайзнаа уран чадвараа толилуулах бөгөөд сонгодог болон орчин үеийн бүжгийн урлагийн гайхамшигт хослолыг үзэгчдэд мэдрүүлэхээр бэлтгэжээ.
G River балет төв нь балетын сургалт явуулахаас гадна залуу үеийнхнийг урлагаар хүмүүжүүлэх, сонгодог урлагийн боловсролыг түгээх чиглэлээр тогтмол ажилладаг. Тус хамт олон сүүлийн жилүүдэд задгай талбайн тоглолт, нээлттэй үзүүлбэр, олон нийтийг хамарсан урлагийн эвентүүдийг зохион байгуулж, балетын урлагийг театрын танхимаас гарган илүү өргөн хүрээний үзэгчдэд хүргэхийг зорьж ирсэн юм.


“Дөрвөн Улирал” тоглолтын гол онцлог нь сонгодог урлагийг хүн бүрт хүртээмжтэй байдлаар хүргэж буйд оршино. Балет үзэхийн тулд заавал театрын танхимд суух шаардлагагүй, харин хотын төвийн задгай орчинд гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт урлагийн гайхамшгийг мэдрэх боломжийг энэхүү тоглолт олгож байна.
Мөн энэхүү арга хэмжээ нь залуу уран бүтээлчдийн ур чадвар, авьяас билгийг олон нийтэд таниулах, балет болон контемпорари урлагийг сонирхдог хүүхэд, залуусын тоог нэмэгдүүлэх, соёл урлагийн боловсролыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Хэрэв та энэ зуны нэгэн үдшийг урлагийн сайхан мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байвал долоодугаар сарын 4-ний өдөр 20:00 цагт SocialPay Park-д хүрэлцэн ирж, “Дөрвөн Улирал” балет болон контемпорари хосолсон тоглолтыг үнэ төлбөргүйгээр үзээрэй.









