
Ямайкийн эргийн төлөөх тэмцэл: Аялал жуулчлал уу, ард иргэдийн эрх үү?
Ямайка бол Карибын тэнгисийн аялал жуулчлалын хамгийн алдартай бүс нутгийн нэг. Тодруулбал уг бүс нутаг руу аялагч жуулчид хамгийн ихээр зорчдог. Жил бүр сая сая жуулчин тус улсын цагаан элсэн эрэг, тунгалаг ус, тансаг амралтын газруудыг үзэж, аялахаар зорин очдог.
Гэвч энэ үзэсгэлэнт дүр төрхийн цаана нутгийн иргэд болон аялал жуулчлалын томоохон хөрөнгө оруулагчдын хооронд газар, байгалийн баялаг, хүний эрхийн асуудлаас үүдэлтэй хурц зөрчил өрнөж байна.

Сүүлийн жилүүдэд Ямайкийн хэд хэдэн эрэг орчмын бүсэд орон нутгийн иргэдийн ашиглаж ирсэн наран шарлагын газруудаас нь тусгаарлах тохиолдол нэмэгджээ. Тансаг зэрэглэлийн амралтын цогцолборууд баригдахын хэрээр зарим эргийг хашаалж, хамгаалалт гарган, нутгийн иргэдийн нэвтрэх боломжийг хязгаарласан байна. Энэ нь зөвхөн далайн эрэг дээр очиж амрах тухай асуудал биш юм.
Олон хүний хувьд уг эрэг нь амьжиргааны эх үүсвэр. Загасчид өдөр тутмын орлогоо эндээс олдог бол худалдаачид, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг.


Тэдний үзэж байгаагаар аялал жуулчлалаас асар их орлого олдог ч ашиг нь гадаадын хөрөнгө оруулагчид болон цөөн тооны бүлэгт төвлөрч, харин орон нутгийн иргэдэд хангалттай очдоггүй аж. Өөрөөр хэлбэл, газар нутаг, байгалийн баялгийг ашиглан орлого бий болгож байгаа ч тухайн орон нутгийн хүмүүс тэр үр өгөөжөөс хангалттай хүртэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл юм.
Нөгөө талаас Ямайкийн засгийн газар аялал жуулчлал нь улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж үздэг. Томоохон зочид буудал, амралтын газрууд нь ажлын байр бий болгож, татварын орлого нэмэгдүүлж, гадаад валютын урсгалыг өсгөдөг гэж тайлбарладаг. Тиймээс хөрөнгө оруулалтыг татах нь улсын хөгжлийн чухал бодлого хэвээр байна. Ингэснээр гол маргаан дараах асуултад төвлөрч байна.
Байгалийн үзэсгэлэнт газар, эрэг орчмын бүс нутгийг эдийн засгийн ашиг олохын тулд хөгжүүлэх үү, эсвэл олон үеэрээ ашиглаж ирсэн нутгийн иргэдийн эрхийг хамгаалах уу?


Тиймээс Ямайкад өрнөж буй энэхүү маргаан нь “эрэг хэнийх вэ?” гэсэн энгийн асуултаас давж, байгалийн баялаг хэний төлөө ашиглагдах ёстой вэ гэсэн илүү том асуудлыг хөндөж байна.
Аялал жуулчлалын хөгжил болон орон нутгийн иргэдийн эрх ашгийн хооронд тэнцвэрийг хэрхэн олох вэ гэдэг нь энэ тэмцлийн хамгийн чухал асуудал болж байна.
Бэлтгэсэн: Б.Марал








