
Киото мужийн Явата хотын дарга 35 настай Шоко Кавата жирэмсний амралт авах гэж буйгаа зарласан нь Япондоо шүүмжлэл дагуулж, олон улсын анхаарлыг татсан мэдээ болжээ.
2023 онд Явата хотын даргаар сонгогдож байсан Шоко Кавата ирэх 9-р сарын дундуур амаржих ба тэрээр төрөхөөсөө 8 долоо хоногийн өмнө жирэмсний амралт, төрснийхөө дараа 8 долоо хоног амаржсаны амралт гээд нийт 16 долоо хоногийн амралт авахаар төлөвлөж, өөрийнхөө болон хүүхдийнхээ эрх ашиг, эрүүл мэндийг түрүүнд тавьсан нь олны анхаарлыг татаж, шүүмж дагуулжээ.
Уг явдал нь Японы эцгийн эрхт ёс давамгайлсан нийгэмд хөдөлмөрийн болон улс төрийн салбарт жендерийн тэгш бус байдал, ажлын байрны соёлтой холбоотой асуудлууд байсаар байгааг харуулж байна хэмээн олон улсын ажиглагчид онцолжээ.
Япон улсад төрийн албан хаагчид жирэмсний болон амаржсаны амралт авах тухай хууль байдаг ч тухайн хуульд ард иргэдийн саналаар сонгогдсон төрийн албан хаагчдын тухай дурдаагүй байдаг аж.
Шоко Кавата түүний энэхүү шийдвэр төрөлтийн тоо буурахад нөлөөлж буй асуудлууд, улс төрийн салбар дахь жендерийн тэгш бус байдал зэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад тусална гэж найдаж байгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн онд Санаи Такаичи Японы түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон билээ. Өнөөдөр Японы парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 15 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Японы нийгмийн сүлжээнд зарим иргэд Ш.Кавата жирэмсний болон амаржсаны амралт авч байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрсэн хэрэг гэж шүүмжилж байгаа бол Ш.Кавата өөртэй нь таарсан хүмүүс бүгд түүний шийдвэрийг дэмжсэн гэдгийг онцолжээ.
Явата хотын даргын уг шийдвэр Япон улсад тулгараад буй төрөлтийн тоо буурч буй асуудлыг хөндөж буйгаараа онцлог юм. 2025 онд тус улсад 671 236 төрөлт бүртгэгдсэн нь төрөлтийн тоо нь 10 дахь жилээ дараалан буурсан үзүүлэлт аж. Японы засгийн газар төрөлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхэдтэй гэр бүлүүдэд хөнгөлөлт урамшуулах олгох, зөвхөн ээжүүдэд бус аавуудад амралт чөлөө олгох зэргээр олон тооны арга хэмжээ аваад байгаа ч Японы ажлын байрны соёл, амьжиргааны өндөр зардал зэргээс болж залуус гэр бүл болж, хүүхэд гаргахын оронд карьертаа анхаарахыг илүүд үзэх болжээ.








