
Энэ сарын 1-нээс эхлэн Шибүяа авто замын уулзвараараа алдартай Японы нийслэл Токио хотын Шибүяа дүүрэгт хогоо зориулалтын бус газарт, ил задгай гудамж талбайд хаясан иргэдийг 2000 иенээр торгож эхэлжээ.
Түүнчлэн Токио хотын зарим дүүргүүдэд зориулалтын хогийн сав гаднаа байршуулаагүй дэлгүүрүүдийг мөн торгож эхэлсэн байна.
Зөвхөн 2025 онд л гэхэд Япон улс нийт 42.7 сая жуулчин хүлээн авсан ба тус улсыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Японы засгийн газар хэт олон жуулчид хүлээн авснаас болж үүсэж буй асуудлуудтай тэмцэх арга хэмжээнүүдийг боловсруулж, эхнээс нь хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Ялангуяа Токио хотын Шибүяа дүүргийг зорих жуулчдын тоо нэмэгдэж, тэдгээр жуулчид гудамж талбайд архи согтууруулах ундаа хэрэглэх, ил задгай хогоо хаях явдал олширчээ.
Ил задгай хог хаяхын эсрэг аяны хүрээнд Шибүяа дүүргийн ажилчид гудамж талбайгаар явж, хогоо ил задгай хаяж байгаа хүмүүсийг олж тогтоон, газар дээр нь торгох ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба торгуулийг бэлэн мөнгөөр, карт эсвэл цахим картыг нь уншуулан хурааж байгаа аж.
Японы хотуудын гудамж талбайд хогийн сав ховор байдаг нь иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аж. Судалгаагаар Япон улсыг зорьсон гадаадын жуулчдын багагүй хувь нь Японы хотуудад гудамж талбайд хогийн савны тоо цөөн байдаг нь хамгийн том асуудал хэмээн хариулжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Видео үзэх холбоос:








