
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг нас барсан иргэний хууль ёсны өвлөгчид өвлүүлэх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлэх гэж байна. Гэвч иргэдийн дунд “Хэрхэн өвлөх вэ?”, “Ямар материал бүрдүүлэх вэ?”, “Хугацаа нь хэдий хүртэл вэ?” гэсэн асуулт түгээмэл байгаа билээ.
Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор 2011 оны гуравдугаар сарын 31-ээс хойш нас барсан иргэдийн эзэмшиж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэхээр болсон юм.
Одоогийн байдлаар 132 мянга 203 иргэний нэр дээр бүртгэлтэй 110.9 сая ширхэг хувьцаа байгаа, түүнд ногдох нийт 73 тэрбум төгрөгийн ногдол ашгийг өвлүүлэх боломж бүрдээд буй.
Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү “Энэ ажил бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх тул иргэдийг яаралгүй, дараалал үүсгэхгүй тайван хандахыг зөвлөж байна. Мөн гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь өвлөн авахаар тохирсон тохиолдолд бусад өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзаж буйгаа нотариатаар баталгаажуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.
Өв залгамжлал Иргэний хуулийн хүрээнд шийдэгдэх бөгөөд хамт амьдарч байсан өвлөгчид өв хүлээн авах хүсэлтээ гурван сарын дотор гаргах ёстой. Хэрэв энэ хугацаанд хүсэлт гаргахгүй бол өв хүлээн авахаас татгалзсанд тооцно. Харин тусдаа амьдардаг болон гадаадад байгаа өвлөгчид нэг жилийн дотор хүсэлтээ гаргах шаардлагатай аж.


Хувьцаа өвлөх үйл явц дараах дарааллаар явагдана. Иргэд эхлээд 158989 тусгай дугаарт нас барсан хүний регистрийн дугаарыг кирилл үсгээр илгээн тухайн иргэний нэр дээр хэдэн ширхэг хувьцаа бүртгэлтэй байгааг шалгах боломжтой. Үүний дараа:
-Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ,
-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт,
-Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,
-Шаардлагатай бусад нотлох баримтыг бүрдүүлэн нотариатад хандах юм.
Хэрэв өрхийн дэвтэр байхгүй бол Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан тодорхойлолтыг орлуулах боломжтой аж.
Нотариат өв залгамжлагчийн гэрчилгээг баталгаажуулж, мэдээллийг QR системээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахимаар шилжүүлэх бөгөөд баталгаажсан мэдээлэл E-Mongolia системээр иргэнд очно. Ингэснээр өвлөгдөж буй хувьцаа болон ногдол ашиг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд шууд шилжих юм. Харин мөнгөн хэлбэрээр авахыг хүсвэл өөрийн үнэт цаасны компанид хандаж арилжааны данс руугаа шилжүүлэх боломжтой.
Гадаадад амьдарч байгаа өвлөгчдийн тухайд Монгол Улсын 50 гаруй улсад ажиллаж буй 90 орчим дипломат төлөөлөгчийн газар нотариатын үйлчилгээ үзүүлж байгаа тул тухайн улсаасаа хүсэлт гаргах боломжтой талаар албаныхан мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх зүйн газрын дарга Э.Уянга иргэдэд тэгш мэдээлэл хүргэх зорилгоор нэгдсэн зөвлөгөө, мэдээллийн ажлуудыг зохион байгуулж байгаа талаар хэлсэн юм.
Түүнчлэн энэ долоо хоногийн Бямба, Ням гарагт Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх асуудлаар нэгдсэн өдөрлөг зохион байгуулж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.
Тиймээс бурхан болооч гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр бүртгэлтэй 1072 хувьцааг хэрхэн өвлөхөө мэдэхгүй байгаа иргэд дээрх зөвлөгөө, мэдээллийг ашиглан хүсэлтээ гаргах юм.








