
Өнөөдөр /2026.05.27/ “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” эмнэлэг баригдах байршил дээр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай Эрүүл мэндийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, дүүргийн холбогдох алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтаар ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгчдэд тулгарч буй асуудлуудыг сонсон, төслийн ажлыг хурдлуулах зорилгоор ажлын хэсгийг дахин хуралдуулахаар боллоо.
Тус хавдар судлалын эмнэлэг барих газрыг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 12 га талбайд бүтээн байгуулалт хийхээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж байсан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тус эмнэлгийг барих Захирамж гарч, ажлын хэсгийг байгуулан бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан юм.





















