
Бэрээ төрсөн охин шиг, хүргэнээ өөрийн хүү шиг дотноор хүлээн авч, түшиж тулдаг хадмууд ховордсон гэхэд нэг их хилсдэхгүй биз. Залуу гэр бүлийн амьдралд хэт оролцох, бэр хүргэнээ “гадны хүн” мэт хөндий хандах нь түгээмэл болсоор, бүр салалтын нэг шалтгаан хэмээн яригдах болсон билээ. Гэсэн ч энэ нийгэмд хүнлэг сайхан хандлага, зөв хүмүүжил, бие биеэ ойлгож хүндлэх үнэт зүйлс бүр мөсөн алга болоогүй гэдгийг сануулах хүмүүс байсаар байна.
Өчигдөр /2026.05.25/ “Эхийн алдар” одон гардуулах үеэр Г.Цасцэцэгийн хадам аав Р.Очирбатын хэлсэн үгс олон хүний сэтгэлд хүрч, цахим орчинд ч эерэг хандлага дагууллаа. Тэрбээр бэрээ өөрийн төрсөн охин мэт хайрлаж, хүндэлдэг тухайгаа илэрхийлсэн бөгөөд энэ талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.
Монголчууд эртнээс “Хүүгээ гэвэл бэрээ хайрла, охиноо гэвэл хүргэнээ хайрла” хэмээн сургаж ирсэн ард түмэн. Энэ үг айл гэрийн эв нэгдлийг хадгалдаг ухаан юм, учир нь нэг айлын босго алхаж орж ирсэн бэр, хүргэн хоёр тухайн гэр бүлийн шинэ хүн төдийгүй, тэр айлын үр хүүхдийн аз жаргалын нэг хэсэг болдог. Хүүгээ хайрлаж байгаа бол түүний сонгосон бүсгүйг хүндэтгэх ёстой, охиноо хайрлаж байгаа бол түүний түшиг болж буй хүнийг ойлгож, дэмжих ёстой гэсэн утгыг монголчууд энэ үгэндээ шингээжээ.
Гэвч энэ ухаан алдагдаж эхэлсэн тухай хүмүүс их ярьдаг болсон. Бэрээ хэзээ ч өөрийн хүн гэж хүлээж авдаггүй хадам ээжүүд, хүргэнээ үргэлж гаднын хүн мэт хардаг хандлага түгээмэл болсон.
Залуу гэр бүлийн амьдралд хэт оролцох, хувийн орон зайг нь үл хүндэтгэх, хүүхдийн хүмүүжил, мөнгө санхүү, амьдралын сонголт бүрд оролцох явдал хүртэл салалтын нэг шалтгаан болж байгааг хүмүүс ярьдаг.
Өөрөөр хэлбэл салалт гэдэг зөвхөн эхнэр, нөхөр хоёрын асуудал байхаа больжээ. Хадам аав, хадам ээж, ах дүүсийн буруу оролцоо, үл ойлголцол, дарамт шахалт ч олон гэр бүлийн элэг бүтэн байх боломжийг үгүй хийж байна.
Сүүлийн жилүүдэд “хадамтайгаа таарахгүй байна”, “хадам ээжийн дарамтаас болж саллаа”, “ах дүүсийн оролцооноос болж амьдрал нурлаа” гэх яриа олон нийтийн дунд жирийн сонсогдох болсон.
Уг нь гэр бүл гэдэг хоёр хүний төдийгүй хоёр талын хүмүүжил, ойлголцол дээр тогтдог хамгийн эмзэг холбоо. Хэрэв ахмад үе залуу хүмүүсийн амьдралыг ойлгож, тэдний сонголтыг хүндэтгэж чадвал олон айл салалтаас аврагдах ч боломжтой.
Гэхдээ муу жишээ байгаагаар сайн хүмүүс үгүй болсон гэсэн үг биш. Өчигдөр /2026.05.25/ “Алдарт эх”-ийн одон авсан Г.Цасцэцэгийн хадам аав Р.Очирбат “Миний бага хүүгийн эхнэр алдарт эхийн одон авч байна. Тэгэхээр би алдарт өвөө болж байна гэсэн үг. Бэрдээ баярлалаа. Газраас ивээгдэж, наранд ээгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай.” хэмээн ерөөжээ. Энэ хэдхэн өгүүлбэр дотор асар их хүмүүжил, хүндлэл, ухаан агуулагдаж байсан юм.
Зарим хүн бэрээ “манай хүүгийн эхнэр” гэж зай барьж хардаг бол энэ хүн “миний бэр” гэж биш, “намайг алдарт өвөө болгосон хүн” гэж харж чадсан нь угтаа хэвийн зүйл боловч өдгөө ховордсон.
Харамсалтай нь өнөөдөр олон залуус “гэр бүл зохиохоос айдаг болсон” гэдэг. Учир нь зөвхөн ханьтайгаа бус, хадмуудтайгаа “зохицох” шаардлага гардаг болсон.
Заримдаа хоёр залуу хос бие биедээ хайртай ч ар гэрийн дарамт, үл ойлголцлоос болж салдаг. Ялангуяа бэрээ үргэлж шүүмжилдэг, хүргэнээ хэзээ ч хангалттай гэж хардаггүй хандлага олон айлд байдаг нь нууц биш.
Ахлах сургуулийн ёс зүйн хичээлд хүртэл “Хадмуудтайгаа хэрхэн зөв харилцах вэ?” гэсэн агуулга орж байсан. Энэ нь өөрөө нийгэмд ямар хэмжээнд асуудал үүссэний илрэл болов уу.
Уг нь хадам бэрийн харилцаа хичээлийн сэдэв болохоосоо өмнө айл гэрийн хүмүүжил, хүний ёсноос аяндаа төлөвшдөг байх ёстой зүйл. Хүнийг хүнээр нь хүндлэх, үр хүүхдийнхээ сонголтыг ойлгох, залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх гэдэг бол онол биш, амьдралын суурь соёл.
Р.Очирбат шиг бэрдээ “баярлалаа” гэж хэлж чаддаг, хүргэнээ өөрийн хүүхэд шиг хүндэлдэг, залуу хүмүүсийн амьдралд зөвөөр нөлөөлдөг ахмадууд бий. Ийм хүмүүсээс суралцах хэрэгтэй. Учир нь гэр бүл гэдэг зөвхөн хоёр хүний хайр дээр тогтдоггүй, хоёр талын хүмүүжил, хүндлэл, ухаан дээр бат тогтдог зүйл юм.








