
ШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн Засах Анагаах Ухааны Төв резидент болон феллов эмч бэлтгэх үндсэн сургалтын бааз юм. Тус төв амбулаторийн, өдрийн болон хэвтэн эмчлүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээг хүүхэд, насанд хүрэгчдэд мэргэшсэн багаар цогц байдлаар үзүүлж байна.
БНСУ-ын Ёонсей их сургуулийн Ганнам Северанс эмнэлгийн Уушгины сэргээн засах анагаах ухааны төвийн профессор, Амьсгал ба зүрх судасны сэргээн засах академийн хүндэт ерөнхийлөгч, Амьсгалын сэргээн засах анагаах ухааны олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч профессор Seong-Woong Kang, MD, PhD болон Ёонсей их сургуулийн Ганнам Северанс эмнэлгийн Уушгины сэргээн засах анагаах ухааны төвийн захирал, БНСУ-ын Амьсгалын сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч профессор Won-Ah Choi, MD, PhD болон SCL группийн MEDIINFRA компанийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнесийн хэлтсийн дарга Park Jin Man нарын тэргүүтэй зочин АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн Засах Анагаах Ухааны Төвтэй хамтын ажиллагааны хүрээд Монголд ирэв.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал Анагаах ухааны доктор П.Баясгалан, удирдлагын баг, сэргээн засах анагаах ухааны төвийн эрхлэгч, багш эмч нар БНСУ-ын Ёонсей их сургуулийн Ганнам Северанс эмнэлгийн зочин профессор, эмч нартай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны гэрээнд 2 тал гарын үсэг зурлаа.
Профессорууд Монгол-Японы эмнэлгийн Сэргээн Засах Анагаах Ухааны Төвд ханиалга өдөөх, амьсгалын зам цэвэршүүлэх зориулалттай орчин үеийн төхөөрөмжийг хандивлав. Энэ нь амьсгалын эмгэгийн сэргээн засах тусламж үйлчилгээнд үнэтэй дэмжлэг болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Цаашид БНСУ-ын Ёонсей их сургуулийн Ганнам Северанс эмнэлгийн уушгины Сэргээн Засах Анагаах Ухааны Төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн Засах Анагаах Ухааны Төвийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, сэргээн засах анагаах ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.







