
Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн цэвэр хөрөнгө 1 тэрбум ам.долларт хүрч, тэрээр дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын нэг болжээ.
Хэдхэн жилийн өмнө Саудын Арабын клубт тоглох өндөр дүнтэй гэрээнээс татгалзаж, Америкийн “Интер Майами” клубтэй гэрээ байгуулж байсан билээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр 38 настай Месси 2007 оноос хойш 700 сая ам.долларын орлого олсон ба татвар, зах зээлийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын орлого, ивээн тэтгэгчийн гэрээ зэргүүдийг нь тооцон үзвэл Мессигийн цэвэр хөрөнгө 1 тэрбум ам.долларыг давжээ.
Ингэснээр Месси дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын нэг, мөн хамгийн баян хоёр дахь хөлбөмбөгчин болжээ.
Өнгөрсөн онд Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналдо 2023 онд Саудын Арабын “Аль-Наср” клубтэй гэрээ байгуулсныхаа ачаар долларын тэрбумтан болсон хамгийн анхны хөлбөмбөгчин болсон билээ.
2022 онд Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д түрүүлсний дараа Месси Саудын Арабын клубээс санал болгосон 400 сая ам.долларын гэрээнээс татгалзаж, АНУ-ын “Интер Майами” клубтэй гэрээ байгуулсан нь тухайн үед хөгжөөн дэмжигчдийнх гайхширлыг төрүүлж байсан билээ.
Тэрээр Mundo Deportivo сонинд өгсөн ярилцлагадаа, “Миний хувьд мөнгө бол хэзээ ч асуудал, саад бэрхшээл биш байсан. Мөнгөнд асуудал байсан бол би хэдийн Саудын Араб ч юм уу өөр хаа нэг тийшээ явчихсан байх байсан.” хэмээн дурдаж байсан аж.
Интер Майами клубийн хувьд амжилтаа ахиулсаар өнөөдөр АНУ-ын хөлбөмбөгийн хамгийн өндөр үнэлгээтэй баг болоод зогсохгүй дэлхийн чансааны 16-д бичигдэж байна.
Тус клубийн эзэн Хорхе Масын мэдэгдсэнээр Месси жилд дунджаар 70-80 сая ам.долларын цалин авдаг аж.
Эх сурвалж: BBC







