
АНУ-ын Иргэншил болон Цагаачлалын алба олон үндэстний цагаачлалын визний хөтөлбөр буюу монголчуудын хэлж заншсанаар “ногоон картын сугалаан”-д оролцох журамд өөрчлөлт оруулж, АНУ-д цагаачлах хүсэлтэй иргэд тус хөтөлбөрт заавал эх орноосоо бүртгүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж эхэлсэн байна.
“Ногоон картын сугалаан”-ы журам ийнхүү 60 гаруй жилийн дараа өөрчлөгдсөн нь Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй цагаачлалын хатуу бодлоготой холбоотой аж.
АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд, “АНУ-д түр хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн Ногоон картын сугалаанд оролцох бол бүртгэлээ заавал эх орноосоо хийх ёстой. Энэ нь манай улсын цагаачлалын тогтолцоонд хууль журмын дагуу ажиллах боломжийг олгож, гадаадын иргэд хуулийн цоорхой ашигладаг байдлыг үгүй хийнэ.” гэжээ.
Cato Institute-н шинжээчдийн хийсэн судалгаагаар өнөөдрийн байдлаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр олон үндэстний цагаачлалын виз буюу “ногоон карт”-аа авахаар хүлээж буй 1 сая гаруй цагаачид байгаа аж.
Гадаадын иргэд Ногоон картын сугалаанд хоёр замаар бүртгүүлдэг ба эхнийх нь АНУ-ын гадаадын улс орон дахь элчин сайдын яаманд очиж бүртгүүлдэг, эсвэл АНУ-д цагаачлалын бус визээр ирснийхээ дараа ногоон картын сугалаанд бүртгүүлдэг аж.
Шинэ журмын дагуу Ногоон картын сугалаанд бүртгүүлсэн АНУ-д байгаа гадаадын иргэдийг цагаачлалын визний хүсэлтийг нь боловсруулах хугацаанд эх орон руугаа буцахыг шаардах ба ингэснээр олон тооны иргэд АНУ-д эрхэлж буй ажил, гэр болон гэр бүл, ойр дотнынхноо орхин, эх орон руугаа буцахад хүрэх юм.
Өнгөрсөн онд Д.Трампын засаг захиргаа оюутны виз, соёлын солилцоогоор ирэх иргэдийн виз, хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгох визнийхээ хугацааг багасгасан юм. Түүнчлэн энэ оны 1-р сард АНУ-ын Төрийн департамент гадаадын 100 мянга гаруй иргэдэд олгосон визээ цуцалснаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: The Guardian







