
Индонезийн засгийн газар байгалийн баялгийн экспортын хяналтыг чангатгах үүднээс төрийн өмчит компаниудад далдуу модны тос, нүүрс болон төмөрлөгийн хайлш зэрэг түүхий эдүүдийн экспортыг бүрэн хариуцуулах тухай шинэ журам гаргажээ.
Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто өнгөрсөн лхагва гарагт парламентад хэлсэн үгэндээ Индонез улс байгалийн баялгаа зохих үнээр экспортлоогүйн улмаас 908 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн болохыг онцолж, нөөц баялгийнхаа экспортын хяналтыг нэмэгдүүлснээр улсын сан хөмрөгт орж ирэх орлого нэмэгдэнэ гэжээ.
Түүнчлэн тэрээр татвараас зайлсхийх үүднээс түүхий эдийн экспортын хэмжээгээ худал мэдүүлэх нь луйвар, залилангийн хэрэгтэй дүйцнэ гэжээ.
Индонез улс нь хүрэн нүүрс болон далдуу модны тосны экспортоор дэлхийд тэргүүлэхээс гадна чухал ашигт малтмалд ордог никелийн хамгийн том нөөцтэй улс юм.
Сүүлийн саруудад тус улсын засгийн газар хууль бус уурхайнуудыг хааж, дотооддоо нүүрс болон никель боловсруулалтаа нэмэгдүүлэх алхмуудыг хийж эхлээд байгаа юм.
Экспортын хяналтын шинэ журмын хэрэгжилтийн эхний шат 6-р сараас 8-р сарын хооронд явагдах ба энэ хугацаанд хувийн хэвшлийн компаниуд импорт болон экспортын үйл ажиллагаагаа төрийн өмчит компаниудад шилжүүлэх ба ирэх 9-р сараас төрийн өмчит компаниуд нөөц баялгийн экспортыг бүхэлд нь хянаж эхлэх аж.







