
Нойр бол тархийг “цэнэглэж”, бие махбодыг нөхөн сэргээдэг амин чухал үйл явц юм. Энэ нь гүн болон хөнгөн гэсэн хоёр үндсэн үе шаттай бөгөөд хүний бие, оюун санаа бүрэн амрахын тулд гүн, чанартай нойр зайлшгүй шаардлагатай. Харин энэ тэнцвэр алдагдах үед нойргүйдэл үүсэх нь элбэг.
Нойргүйдэл нь ихэвчлэн гүн нойр авч чадахгүй байгаатай холбоотой. Үүний шинж тэмдэгт оройтож унтах, чимээ шуугианд амархан сэрэх “нохой унталт”, тогтмол бус унтах хуваарь, шөнө дунд сэрэх, олон зүүд зүүдлэх, амьсгал тасалдах, мөн шөнөжин унтсан ч амарч чадаагүй мэт мэдрэмж төрөх зэрэг орно.
Хэрэв эдгээр шинж тэмдэг нэг сараас дээш хугацаанд үргэлжилбэл нойрны хямрал үүссэний дохио гэж үзэх боломжтой.
Нойргүйдэл нь гадаад болон дотоод шалтгаантай байж болно. Гадаад шалтгаанд архаг хууч өвчин, чихрийн шижин, тархины гэмтэл, осол аваар, хавдар зэрэг бие махбодын хүчин зүйлс, түүнчлэн сэтгэл цочроосон үйл явдлууд ордог.
Харин тодорхой биеийн өвчин илрээгүй атлаа нойргүйдэл мэдрэгдэж байвал сэтгэл зүйн хүчин зүйлс, тухайлбал стресс, сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал зэрэг нь гол нөлөө үзүүлсэн байх магадлалтай.
Нойргүйдлийг даван туулах арга
Нойргүйдлийг даван туулах арга хүн бүрд харилцан адилгүй. Тиймээс нойрны асуудал удаан хугацаанд үргэлжилж байвал мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг тодорхойлуулан тохирсон эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв сонголт юм.
Ялангуяа бие махбодын шалтгааныг эмчилсний дараа сэтгэл зүйн асуудлыг давхар анхаарч шийдвэрлэх нь нойргүйдлийг бүрэн арилгахад чухал нөлөөтэй.
Мөн дур мэдэн эм хэрэглэх нь өвчнийг эмчлэх бус, зөвхөн шинж тэмдгийг түр хугацаанд дарах эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Иймд нойрны эмгэг үү, эсвэл түр зуурын хямрал уу гэдгийг ялгаж ойлгох нь нэн чухал юм.
Өдөр тутмын амьдралдаа тогтмол цагт унтаж, сэрэх, стрессийг зөв аргаар зохицуулах, өөртөө цаг гаргах зэрэг энгийн дадлууд нойрны чанарыг мэдэгдэхүйц сайжруулдаг.
Ажил, амьдралын төлөвлөгөө гаргахдаа зөвхөн үүрэг хариуцлагаа бус, амралт, нойр, хувийн орон зайгаа ч адил чухалчлан төлөвлөх нь эрүүл, тэнцвэртэй амьдралын үндэс юм.







