
Ю.Үнэнбүрэн: Монгол адуунд “Баатар” цол олгох нь шуудай дүүрэн Алтангадаснаас илүү эзнээ олно
“Дэлхийн морьтнууд” төслөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Монгол адуунд “Монгол Улсын Баатар” цол олгох санаачилга гаргасан. Ингэхдээ монгол адууны түүхэнд байгуулсан гавьяаг төрийн дээд түвшинд үнэлж, энэхүү цолыг олгох хэрэгтэй хэмээн тайлбарласан юм.
Харин иргэдийн зүгээс энэ асуудалд санал хуваагдаж хоёр талын байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгвэл бид дээрх асуудлыг тодруулах зорилгоор “Дэлхийн морьтнууд” төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу? Монгол морины гүйцэтгэсэн үүрэгт Баатар цолыг олгох тухай та бүхэн санаачлага гаргасан. Иргэдийн зүгээс адуунд тэр дундаа амьтанд ийм цол олгох болсон нь зохистой бус хэмээн шүүмжилж байгаа?
-Сайн байна уу. “Баатар” цол олгох нь бидний түүхийг нуруундаа тээж ирсэн Монгол адууны гавьяанд нь өгөх учиртай юм Одоо бол намын шугамаар аливаа шагналыг “Шуудайнд хийж авчраад л тараачихдаг” болсон нь “Баатар” цолны үнэ цэнийг алдагдуулж байна.
Уг нь бол үнэ цэнтэй л баймаар байгаа юм. Гэтэл шагнал хамгийн хэрэгтэй юм байналээ шүү дээ.
Том агуулгаар дэлхиийн түүхийг яривал Монголын түүхийг ярих хэрэгтэй болно. Харин Монголын түүхийг ярина гэвэл монгол чанараа гээгээгүй адууны тухай ярих шаардлагатай. Том агуулгаар нь харвал дэлхийн түүхийг бүтээлцэж, монголын үүх түүхийг нуруундаа тээж ирсэн монгол адуунд “Баатар” цол олгох учиртай юм.
-Анх энэ санаачилгыг хэрхэн, яаж гаргах санаа төрөв?
-“Дэлхийн морьтнууд” төсөл анх 2020 онд хэрэгжиж эхэлсэн юм. Тэгээд тэр үед бид ярилцаад ер нь энэ адуундаа, тэр дундаа гүйцэтгэсэн үүрэг, гавьяанд нь “Баатар” цол олговол яасан юм бэ гэсэн санал санаачилга гарсан юм. Тэгээд тухайн үедээ уг асуудлаа нийгэмд тавья гэж бид бодсон боловч түр хойшлуулсан. Учир нь Монгол адууныхаа тэр гайхамшигтай зүйлүүдийг ямар нэгэн хүн асуухад тэр болгон төдийлөн 100% баталгаажуулж, хариулж чадахгүй байсан. Тийм учраас энэ төслийнхөө хүрээнд хийж хэрэгжүүлсэн бодит ажилтай болсны дараа нийгэмдээ гаргаж тавихаар болсон юм.
-Тэгвэл та бүхэн өмнөтгөл болсон төсөл ажлуудаа сайтар гүйцэтгэсэн байхнээ?
-Тийм. “Дэлхийн морьтнууд” төслийн хамт олон бид монгол адууны 4 ч сайхан кинотой боллоо. 4 удаагийн олон мянган км-ийн холын зайн уралдаан, сайн эрс, гүйгүүл морь гээд тус тусдаа бодит төслүүдийг хэрэгжүүллээ л дээ. Тэгээд энэ хугацаанд тэр монгол адууны гайхамшгийг үндсэндээ өөрсдийнх нь зүгээс тодорхой хэмжээний туулсан зайн километр, тэсвэр, тэвчээр, бүх зүйлүүдийг баталж чадаж байгаа юм. Тэгээд батласныхаа үндсэн дээр өнөөдөр ямар ч гэсэн монгол адуу гээд ярихаар холын зайнд яадаг юм, яг ямар километрт, яаж уралддаг юм, холын зайг туулах чадвар нь хэр байгаа юм. Ингээд янз янзын асуултад цагаар, баримтаар баталгаажуулаад хийж чадсан учраас цаг нь одоо болжээ гээд шийдээд нийгэмд гаргаж ирсэн асуудал.
-Иргэд хоёр хэсэгт хуваагдан, өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байна?
-Монгол адуунд “Баатар” цол олгох асуудалд ард түмнийг 2 хуваагаад бужигнуулаад байгаа нь нэг бодлын сайн, нөгөө талаараа муу гэж би харж байна.
Нэг талаараа хүмүүсийн мэдэхгүй байсан зүйлүүдийг энэ маргааны үр дүнд олж мэдэж авч байна. Энэ нь сайн тал гэж би бодож байна. Бас хүмүүсийн тэр үзэл бодол ямар байгаа вэ гэдэг нь шууд л харагдаж байна шүү дээ.
Тухайлбал, монгол адуугаараа, тэр мориороо олны дунд “Морины гавьяат” хэмээн алдаршиж, бүх л найр наадам дээр ая дуугаа өргөж явдаг хүн үүнийг эсэргүүцэж байна. Бүр нүүрэндээ үстэй адгуусанд шагнал өгөх гэлээ хэмээн ярьж, хэлцгээж байгаа юм. За ингээд эндээс хэн нь хэн бэ? гэдэг нь шууд л харагдаж, бас мэдэгдэж байна.
Гэхдээ энэ бол хэрүүлийн сэдэв биш юм. Ингэж хэлсний учир нь угаасаа л энэ монгол адуунд өгье гэж хэлээгүй шүү дээ. Одоо үед буй бүх адуунд буюу 5 сая адуунд бүгдэд нь Монгол Улсын баатар цол олгоод, одон зүүгээд өгчихье гэж огт хэлээгүй.
Монгол адуу нь ийм гайхамшигтай юм байна аа. Ийм гайхалтай гавьяануудыг байгуулсан юм байна, тэр адууных нь дэлхийн болон Монгол Улсад гүйцэтгэсэн гавьяанд нь “Баатар” цол өгчихье өө л гэсэн юм.
Тэгэхээр гавьяа гэж чи юу яриад байгаа юм бэ гээд зарим хүмүүс яриад байна. Энэ хүмүүс өнөөдөр яагаад тэр монгол адуугаа, тэр гавьяаг нь олж харахыг бодохгүй байгаад байгаа юм. Хүн бүр монгол адуу байна, би моринд хайртай гээд ярьдаг. Монголчуудаас асуухаар хамгийн хайртай амьтан чинь юу вэ гэхээр морь гэж хэлдэг. Гэсэн мөртлөө нөгөө адууныхаа гавьяаг огт мэдэхээ байчихсан ийм цаг үе ирчихсэн байна шүү дээ.
Тэгвэл одоо бүгдээрээ тэрийг мэддэг болъё л доо. Хүн гэдэг чинь энэ дэлхий дээр ганцаараа амьдраагүй. Ганцхан хүн дэлхийг бүтээчхээгүй шүү дээ. Өдий төдий сая амьтантай хамт энэ дэлхий дээр амьдарч байна. Улс орон болгонд өөрийн гэсэн өнгө төрхтэй, тодотгосон нэг амьтныг хайрлаад, уриалга болгож, тэр нь тухайн улсын нэрийн хуудас болтлоо дэлхийд танигдчихсан, брэнд нь болчихсон байдаг.
Жишээ нь, Энэтхэгчүүд Одос үхэртээ хайртай, дуртай, бүр зам дээр хэвтэж байхад нь босгож чадахгүй, машин нь тойроод гардаг байх гэх мэт бодит жишээнүүд олон. Гэтэл яагаад хайрлаад байгаа юм? Ямарваа нэгэн амьтнаар дамжуулан, тэр амьтныг дээдэлдэг, хайрладаг, бусдыг энэрдэг үзлээр хойч залуу үедээ үлгэр дуурайлал болох учиртай юм.
Тийм л энэрэх, бусдыг хайрлах үзлээр манай хүүхэд залуус эрүүл, хүнлэг төлөвших ёстой.
-Өнгөц харвал монгол адуунд “Баатар” цол олгох тухай санаачлага боловч том агуулгаар Монгол гэсэн сэтгэлээр хойч үедээ энэрэх, хайрлахыг зааж сургах мессеж байхнээ?
-Том дүр зургаар харвал яг тийм. Монгол улсад өнөөдөр юу болчихсон юм. Улаанбаатар хотод амьдарч буй одоогийн орчин үеийн хүүхдүүдээс чи ямар амьтанд хайртай вэ гэхээр нохой, муураа л нэрлэх байх.
Дээр үеэс монголчууд бидний өсөж, торнисон, үзэж ирсэн үзэл баримтлалд юу байдаг вэ гэхээр нохой, муур ерөөсөө байхгүй шүү дээ. Нохой бол хүний яг үнэнч хань, хотоо сайн манадаг. Үүгээр нохойг сайн хэлдэг, ярьдаг.
Харин муурыг эрт дээр үеэс Монголчууд тийм сайн зүйл биш. Үлгэр домгоос авхуулаад л бүх юманд нь дандаа эсрэг дүрд гаргаж ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр хөдөө нутагт гараад асуухаар хамгийн хайртай амьтан чинь юу вэ гэхээр адуу л байхгүй юу. Монгол адуу бол дэлхийн түүхийг цаашлаад Монголын түүхийг нуруун дээрээ бичилцээд өнөө цагийг хүртэл авч ирсэн учраас энэ амьтдынхаа гавьяаг одоо магтан дуулчихъя аа гэсэн гол зорилготой.
Ганцхан манай монголчууд биш дэлхийд адууг магтан дуулдаг маш олон улс орон бий. Тухайлбал, Америкт адууны баяр жилд нэг удаа зохион байгуулдаг. Тэр ч утгаараа адуугаа магтан дуулах, тэр тухай олон кино, контентуудыг ард түмэндээ үзүүлэх, адууг сурталчлах, үнэ цэнийг нь тодорхойлохын тулд маш том ажил хийдэг юм билээ. Бүр улсаасаа мөнгө гаргачхаад өргөн хүрээнд зохион байгуулдаг.
-Тантай ярилцаад сууж байхад нэг л зүйл бодлын үзүүрт орж ирлээ. Магад Монгол Улсад шагналын үнэ цэн алдагдчихсан юм болов уу. Адуунд “Баатар” цол олгоно гэхээр том агуулгаар нь харж, учигийг нь судлалгүй, “Шагнал” гэдгээр нь олон нийт харж байж болох юм?
-Маш зөв асуулт байна. Яг тийм. Монголд аливаа шагналын үнэ цэн утгаа алдчихсан. Алтангадасыг шуудайгаар нь авчраад л үнэ цэнгүй болтол тараачихдаг. Жишээ нь намын хурал цуглаан болохоор хашгираад, бусдыг ухуулаад зогсож байдаг нөхөр жинхэнэ шударгаар хөдөлмөрсөн нэгэнтэй яг эн тэнцүү шагналын тавцанд зогсчихоод тэр “Алтангадас” одонг зүүчихээд байгаа байхгүй юу.
Би яг тэр одонг авч байхад ийм зүйл тохиолдож байлаа. Тэгэхээр би илүү хөдөлмөрлөх ёстой юм байна гэж бодоод, илүү л хөдөлмөрлөсөн.
Тэгээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан чинь бас л яг адилхан зүйл тохиолдсон. Юу ч хийгээгүй, хөдөлмөрлөөгүй миний хамгийн дотнын найз бас хөдөлмөрийн гавьяан одон зүүчихсэн надтай зэрэгцээд зогсож байгаа байхгүй юу. Үнэхээр энэ гавьяа, шагнал нүдээ олохгүй байгаа юм байна даа л гэх бодол төрснөө нуух юун. Бии найзыгаа муулж байгаа юм биш л дээ. Үнэхээр л яг бодит байдал ийм л харагдаж байна.
Угтаа бол үнэ цэнтэй зүйл үнэ цэнтэй л баймаар байгаа юм. Тэрийг янз янзын байдлаар, үе үеийн энэ дарга нар сонгуулиар ашигладаг маш буруу систем тогтчихсон. Энэ буруу явуулдаг урвуу системдээ ард түмний дургүй хэтэрхий хүрчихсэн. Гэтэл шагнал хамгийн хэрэгтэй юм билээ шүү дээ. Хамгийн гол нь үнэ цэнтэй л байх учиртай юм.
-Хүн хүнээрээ байх, бусдыг хайрлах энэрэх хүнлэг ёсонд том, багагүй л суралцах нь чухал гэсэн агуулгаар та тодотгож хэллээ?
-Тийм. Одоо цагт хүн хүнээ байж, мөн чанараа гээчихсэн. Бусдыг хайрлах, энэрэх өрөвч нинжин сэтгэлгүй болсон цаг үе. Заавал хүнээр бус амьтнаар дамжуулан бусдыг энэрч, хайрлах, омогшдог, дотроосоо нинжин сэтгэл нь нүднээ ил байх ёстой.
Дэлхийн II дугаар дайны тэр хүнд хэцүү цаг үеүүдэд Монголоос бэлэглэсэн 4086 адуу их бууны өөдөөс сөрж зогсоод л, монгол адууны мөн чанар, тэр их тэсвэр тэвчээрийг гаргаж, монголчуудын уг чанарыг нуруун дээрээ тээж, илтгэж явсан. Зарим ганц нэг нь тэмцэж, зүтгэж явсаар Берлинд хүрсэн түүхтэй.
Гэтэл бид нар махаа чанаж идээд л тэрийг огт бодоогүй шүү дээ. Яагаад бид нар тэр 4086 монгол адууг дурсаж болдоггүй юм. Тэгэхээр энэ чинь өөрөө нүүдэлчдийн онцлог байгаад байгаа юм. Үүнийг ерөөсөө олж харж байгаа хүн байхгүй байна шүү дээ.
Магадгүй “Сүүлчийн нүүдэлчид” бид байх…
Үргэлжлэл бий…
Ярилцсанд баярлалаа.








Сүлдээ дээ