
Австрали улс 2007 оноос хойш өсвөр насны охидыг, 2013 оноос хойш өсвөр насны хөвгүүдийг Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу умайн хүзүүний хавдар үүсгэдэг хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлжээ. HPV вирусийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд тус улсад умайн хүзүүний хавдрын тохиолдлууд, умайн хүзүүний хавдрын нас баралт тус бүр 50 хувиар буурч, 2021 онд л гэхэд тус улсад 25-аас доош насныхны дунд умайн хүзүүний хавдрын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Австралид 15-аас доош насны охидын 80 гаруй хувь нь папиллома вирусийн эсрэг вакцинд хамрагдаж, умайн хүзүүний хавдар тусах өндөр эрсдэлтэй насны эмэгтэйчүүдийн 85 хувь нь умайн хүзүүний хавдар илрүүлэх үзлэг шинжилгээндээ хамрагдсан үзүүлэлттэй байна.
Эрдэмтэд ямарваа нэг улсад 100 мянган эмэгтэй тутамд бүртгэгдэж буй умайн хүзүүний хавдрын тохиолдол 4-өөс бага байвал тухайн улс уг хавдраас ангижирсан гэж үздэг бол өнөөдөр Австралид 100 мянган эмэгтэй тутамд умайн хүзүүний хавдрын 6.3 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь Австрали улс уг хавдрын өвчлөлөөс ангижирсан анхны улс болоход ойрхон байгааг илтгэж байна.
HPV вирусийн халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй бөгөөд тус вирусийн зарим төрлүүд нь хамгийн түгээмэл хавдруудын 4-т бичигддэг умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг юм.
Нөгөө талаас HPV вирусийн эсрэг вакцинд хамрагдсанаар охид бүсгүйчүүд умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд умайн хүзүүний хавдар нь урьдчилан сэргийлэх вакцинтай цөөн хэдэн хавдрын эмгэгүүдийн нэг юм.
2006 онд Австралийн Квинслэндын их сургуулийн эрдэмтэд олон арван жилийн судалгаа шинжилгээний үр дүнд хүний папиллома вирусийн эсрэг Гардасил вакциныг бүтээж, нэг жилийн дараа Австралийн засгийн газар хүний папиллома вирусийн эсрэг вакциныг Үндэсний дархлаажуулалтынхаа хөтөлбөрт оруулсан анхны орон болсон юм. 2026 оны 1-р сарын байдлаар дэлхийн 164 улс HPV вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулаад байна.
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг бүтээсэн улсаас гадна Австрали улс умайн хүзүүний пап сорилыг 5 жилд нэг удаа хийдэг HPV ДНХ сорилоор сольсон анхдагч орнуудын нэг юм. Түүнчлэн австрали улс эмэгтэйчүүдийг гэртээ өөрсдөө умайн хүзүүний сорил авч, лабораторид илгээх боломжоор хангасан анхны улс болсон байна.
Тус улсын засгийн газар 2035 он гэхэд умайн хүзүүний хавдраас ангижирна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: BBC







