
Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 17 байр ахиж, 180 улсаас 85-т бичигджээ
Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага 2002 оноос хойш жил бүр дэлхийн улс орнуудыг хэвлэлийн эрх чөлөөний индексээр нь жагсааж ирсэн билээ. Энэ жил дэлхийн 180 орны талаас илүү буюу 52.2 хувь нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “хүнд” эсвэл “маш хүнд” гэсэн ангилал руу оржээ.
25 жилийн өмнө 180 улсын зөвхөн 13.7 хувь нь л хэвлэлийн эрх чөлөөний төлөв байдал “хүнд” ба “маш хүнд” ангилалд багтаж байжээ. Дэлхийн 180 улсын 100-д нь хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтүүд буурч, сүүлийн 25 жилд байгаагүй хамгийн доод түвшинд очсоныг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцолж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр улс орнуудыг жагсаахдаа “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын мэргэжилтнүүд эдийн засаг, хууль эрх зүй, аюулгүй байдал, соёл ба нийгэм гэсэн 5 хүчин зүйлсийг авч үздэг ба сүүлийн нэг жилд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг шүүх байгууллагын дарамт шахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль эрх зүйн хүчин зүйлсийн үзүүлэлт хамгийн ихээр буурчээ.
Монгол улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 2025 оныхоос 17 байр ахиж, 180 орноос 85-т бичигдсэн байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын хийсэн судалгаагаар Монгол улсад телевиз нь зах зээлийн 60-аас доошгүй хувийг эзэлж, иргэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс телевизийн мэдээ мэдээллийг хамгийн ихээр үзэж, итгэдэг болох нь тогтоогджээ. Тэдгээрээс Монголын олон нийтийн телевиз нь хамгийн олон үзэгчтэй, өдөр тутмын сонинуудаас “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” хамгийн их уншигчтай гэж гарчээ.
Монголд хувийнх ч бай, төрийн өмчит ч бай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь засгийн газар эсвэл улс төрийн аль нэг намыг дэмжсэн мэдээ мэдээлэл цацах нь элбэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бие даан, бусдаас хараат бус мэдээлэх боломж нь улстөрчид, бизнесүүд, засгийн газрын агентлагууд болон хууль тогтоогчдын дарамтаас болж хязгаарлагддаг аж. Шүүхээр орж буй бусдыг гүтгэсэн хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чиглэсэн байгаа явдал, мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг маш өндөр дүнгээр торгон шийтгэдэг зэргээс болж сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ мэдээлэлдээ цензур тавьж, энэ нь хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг хойш татах болжээ.
Түүнчлэн бусдыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр шалгагдаж байгаа сэтгүүлчдийн багагүй хувь нь улс төрийн албан тушаалтан, хууль тогтоогчид, засгийн газрын агентлагуудын гомдол нэхэмжлэлийн дагуу шалгагдаж байгаа тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцолжээ. Бусад улс орнуудын хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ АНУ 7 байр ухарсан нь олны анхаарлыг татаж байна. Үүнийг тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид рүү системтэйгээр тогтмол дайрч давшлах болсонтой холбон тайлбарлажээ.
Латин Америкийн орнуудаас Эквадор улс 31 байр, Перу 14 байр ухарсан байна. ОХУ хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 180 улсаас 172-т бичигдэж, 1 байр ухарчээ. Тус улсын эрх баригчид “терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмтэй тэмцэх тухай” хуулиудыг ашиглаж хэвлэлийн эрх чөлөөг хааж боогдуулах тал дээрээ мэргэшсэн хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид” онцолжээ. 2026 оны 4-р сарын байдлаар тус улсад 48 сэтгүүлч хоригдсон байдалтай байна.







