
Турк улсад өнгөрсөн хоёр хоногт зэвсэглэсэн этгээд сургуульд халдаж, гал нээсэн хоёр ч хэрэг бүртгэгдээд байна. Өнгөрсөн мягмар гарагт Туркийн зүүн өмнөд зүгийн Сиверек хотод буугаар зэвсэглэсэн этгээд тус хотод байрлах технологийн лицей сургуульд халдаж, багадаа 16 хүнийг шархдуулсан бол лхагва гарагт мөн л Туркийн зүүн өмнөд зүгийн Кахраманмараш хотын дунд сургуулийн 13 настай сурагч сургуулийнхаа 8 хүүхэд, 1 багшийн аминд хүрч, 13 хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.
Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчигийн мэдэгдсэнээр халдлагад өртөж шархадсан иргэдийн зургаагийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Кахраманмараш мужийн захирагч Мукеррем Унлуер, “Тус сургуулийн 8-р ангийн сурагч олон тооны буу болон бууны сум цүнхэндээ хийж ирсэн нь тогтоогдсон. Тэдгээр нь цагдаагийн газарт ажиллаж байсан аавынх нь эзэмшлийн галт зэвсгүүд байж болзошгүй байна. Тэрээр 5-р ангийн хүүхдүүд хичээллэж байсан хоёр танхимд орж гал нээн, хүүхдүүдийн амь насанд хүрч, биед нь хохирол учруулсан.” гэжээ. М.Унлуерын хэлснээр уг хэргийг үйлдсэн сурагч өөрийгөө буудан хөнөөжээ.
Туркийн Хууль зүйн яам мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дээрх халдлагын тухай мэдээлэхийг хориглосон байна. Мөн Хууль зүйн сайд Акин Гурлек X нийгмийн сүлжээнд тус хэрэг дээр 7 прокурор ажиллаж байгаа тухай бичжээ.








