
Шинэ Зеландын Air New Zealand агаарын тээврийн компани эконом ангиллын зорчигчдодоо зориулж шинэ Boeing 787-9 Dreamliner онгоцнууддаа унтаж амрах хэсэг гаргажээ.
Air New Zealand компанийн sleeping pods буюу нойрсох бүхээгнүүдтэй Boeing 787-9 Dreamliner ирэх 11-р сараас нисэж эхлэх ба тус онгоцны тийзийн захиалга ирэх 5-р сарын 18-наас нээгдэх аж.
Air New Zealand шинэ онгоцныхоо эконом ангиллын хэсэгт 6 ширхэг Economy Skynest буюу нойрсох бүхээг байршуулсан нь давхар орыг санагдуулах ба нойрсох бүхээг бүр тусдаа матрас, хөнжил, ор дэрний даавуу, хамгаалалтын бүс, хөшиг, жижиг гэрэл, розеткатай байх аж.
Нислэгийн явцад уг нойрсох бүхээгт 4 цаг амрахын тулд зорчигч нэмж 495 ам.доллар төлөх юм.
Нойрсох бүхээг нь зорчигчдод хэвтэх, биеэ сунгаж, амрах боломжийг олгох ба ингэснээр Шинэ Зеланд рүү хүрэх, Шинэ Зеландаас явах урт нислэгүүдийг зорчигчид илүү хялбар давж гарна хэмээн Air New Zealand компанийн Гүйцэтгэх захирал Нихил Равишанкар онцолжээ.
Түүнээс гадна тус компанийн шинэ онгоцнуудын эконом ангилалд суудлын хөл амраагч хэсэг дээш өргөгдөж нэг эгнээний 3 суудал нэг том ор болох боломжтой болсон байна.
Air New Zealand компани дээрх концепцүүдээ 2024 оны 9-р сард анх танилцуулж байсан ба эконом ангилалдаа нойрсох бүхээгтэй онгоцнууд нь дэлхийн хамгийн урт нислэгүүдийн нэгээр тооцогддог Нью Йорк-Окланд чиглэлийн 17 цаг үргэлжилдэг нислэгт зорчих аж.
2022 онд Air New Zealand компанийн төлөөлөгч CNN агентлагт өгсөн ярилцлагадаа, “Агаарын тээврийн компаниуд нойрны циклүүдийн талаар багагүй судалгаа шинжилгээ хийсэн. Нойрны нэг цикл дунджаар 90 минут үргэлжилдэг учир зорчигчдод биеэ амрааж, сунгалт хийж, нойроо авч сэрэхэд 4 цаг бол хангалттай хугацаа юм.” хэмээн ярьж байжээ.








