
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ нэгдсэн чуулганаараа хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн юм. Ам нээсэн гишүүн бүр уг хуулийг эсэргүүцэж байсан ч эцэстээ УИХ-ын дарга хуулийг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулалгүй маргаашийн чуулганаар хэлэлцэхээр хойшлууллаа.
УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа: жагсаалтаар сонгогдсон гишүүдийг ялгаварлаж авч үзсэн энэ хуулийн төсөл цаг үеэ олоогүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 44.1.11 дэх заалт, 41.2 дахь хэсгээр хориглосон асуудлыг хуулийн төсөл болгож, жилд 40-өөс дээш цаг тасалсан бол хариуцлага тооцохоор зохицуулсан асуудлыг тусгасан, Ёс зүйн дэд хороо гишүүдэд ялгамжтай хандаж ажилладаг талаар,
Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа: хуулийн төсөлд хиймэл оюун ухаанаар шинжилгээ хийлгэхэд намын удирдлага өөртэй нь улс төрийн хувьд санал нийлээгүй гишүүнийг субьектив үндэслэлээр эгүүлэн татах санал гаргаж болзошгүй зэрэг эрсдлүүдийг дурдсан талаар,
Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар: ёс зүйг хуульчилж болно гэхдээ бүрэн хуульчлах боломжгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн улс төрийн албан хаагчдын ёс зүйг ёс зүйн дүрмээр зохицуулахаар заасныг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх зарчимтай уялдуулах шаардлагатай, гишүүдийг тойргоос, жагсаалтаар сонгогдсон гэж ялгаатай авч үзэж байгааг эргэж харах, парламентын дархлааг алдагдуулах нөхцөл байдал үүсгэхгүй байх, парламентын ардчилалын 5 үндсэн шалгуурыг алдагдуулахгүй байх талаас нь анхаарах шаардлагатай талаар,
Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу: хуулийн төсөлд заасан ёс зүйг барьж парламентын ардчилалд халдах эрсдэлтэй, гишүүд хэн нэгнийг гүтгэсэн бол хуулийн дагуу шүүхийн журмаар шийдэх боломжтой, хуулийн төсөл нь сөрөг үр дагавартай байгаа талаар,
Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун- Эрдэнэ: Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал шиг мөрийн хөтөлбөртэй байх нь зохимжгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аудит оруулж, гурван институтын хурлыг зохион байгуулдаг болгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хуулийн өөрчлөлт хийх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдыг нам бус болгох, Үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагууд парламент руу халдсан асуудлыг авч үзэх ёстой эсэх талаар,
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал: хуулийн төслийг өргөн барих, хэлэлцэж байгаа процесс нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж, бүрэн эрхээс хальсан хууль өргөн барьсан нь институц хоорондын хяналт тэнцлийг алдагдуулж байгаа талаар, шинэ улс төрийн намууд бэхжих парламентын ардчиллыг энэ хуулиар үгүй хийх эрсдэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон Улсын Их Хурлыг тараах эрх мэдэл нь зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай болон хаант засаглалтай улсад байдаг эрх мэдэл бөгөөд хуульд хориг тавих, шүүгч нарыг томилох зэрэг олон эрх мэдэлтэйн улмаас манай улсын парламентын тогтолцоо байнгын сорилттой тулгарч байгаа талаар, ард түмнээс сонгогдсон 126 гишүүний асуудлыг ард түмнээс сонгогдоогүй Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн шийдэж, шийдвэрийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй гэж тайлбарлах нь зохисгүй талаар,
Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал: Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хоёр тохиолдлыг тодорхой заасан ба эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаг, харин Улсын Их Хурал эгүүлэн татах шийдвэр гаргахгүй байх тохиолдолд процессыг нь тодорхой болгох шаардлага байгаа боловч өргөн барьсан хуулийн төсөл энэ процесстой холбоогүй, субьектив байдлаар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах эрсдэлтэй талаар,
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал: нийгмийн хүлээлт болон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд дүгнэлт хийж хуулийн төслийг хэлэлцэх ёстой талаар үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын дархлааг бэхжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг өсгөх талаар хичээж ажиллахаа илэрхийлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд хүндэтгэлтэй хандах, гишүүдийн асуултад үнэн, зөв хариулт өгөхийг зөвлөсөн юм.








