
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжиж, УИХ-д танилцуулахаар болсон юм. Хэрэв өнөөдөр УИХ-ын чуулганаар хуулийн төслийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн хувь заяа шийдэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, ёс зүйн хариуцлага алдсан гишүүд энэ хуулийн дагуу эгүүлэн татагдах хуулийн нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийг эргэн сануулбал,
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгох явдал сүүлийн үед олны анхаарлыг татах боллоо. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж, энэ шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг тавихаар болжээ.
Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг эгүүлэн татах үндэслэл болох бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт энэ тухай гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг “хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал “хүлээн зөвшөөрөх”, “хэлэлцэн шийдвэрлэх” эрхгүй байгаа бөгөөд Жаран долдугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болж Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахаар байна. Энэ асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн хуулийн төсөлд томьёолов.
Мөн зүйлд “Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан. Энэхүү Үндсэн хуулийн зарчим ёсоор иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх цаашлаад сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагын гишүүнийг Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардах болсон.
Үүнтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодотгох шаардлага тулгамдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх тухай 3.3.1 дүгээр зүйлийн 3.3.1.1-т “Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ”, 3.3.1.3-т “Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ” гэж тус тус заасан байдаг нь уул баримт бичгийн 1.1.4-т заасан “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэдэг заалтыг хангах чухал арга зам мөн. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн болон гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон бол эгүүлэн татаж хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх явдал парламентын ардчиллыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болсоор байна.
Энэхүү хуулийн төслийн зорилго нь өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад оршино.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ардчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намыг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.
Хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулсан.








