
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар тэргүүтэй, аймаг орон нутгийн удирдлагуудын бүрэлдэхүүн 2026 оны 4 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд:
- Сэргээгдэх эрчим хүч, “ногоон хөгжил”-ийн бодлого
- Хөдөө аж ахуй, агро үйлдвэрлэл
- Ургамал хамгаалал, хорио цээр
- Хөдөө аж ахуйн инноваци
- Мал аж ахуй, үржүүлэг
- Усны менежмент, дуслын усалгааны технологи зэрэг чиглэлүүдээр Узбекистаны туршлагатай танилцаж, хамтын ажиллагааны боломжийг ярилцаж байна.
Тус улс нь хуурай, цөлийн уур амьсгалтай хэдий ч дэвшилтэт технологи, зөв бодлогын үр дүнд цөлийг ногоон хөгжлийн бүс болгон хувиргаж чадсан туршлага нь онцгой анхаарал татаж байна.
Мөн далайд гарцгүй, хуурай уур амьсгалтай хэдий ч газар тариалан, загасны аж ахуй, мал аж ахуйн салбараа хөгжүүлж, ДНБ-ийхээ 20 орчим хувийг бүрдүүлэн жилд 25-30 тэрбум ам.доллар буюу 85-100 гаруй их наяд төгрөгийн орлого бий болгож байна.

Узбекистан Улс мэргэжлийн хяналтын өндөр шаардлага хангасан, чанартай жимс, хүнсний ногоог өөрийн агуулахтай орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд шууд нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
Мөн Ташкент, Самарканд хотуудын түүх, соёл, аялал жуулчлалын гол төвүүдтэй танилцаж, эдийн засаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж байна.
🤝 Энэхүү айлчлал нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, усны нөөцийн удирдлага, мал аж ахуйн чиглэлд бодит туршлага нутагшуулах, орон нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой юм.
Узбекистан Улс нь мал аж ахуйн салбараа хөгжүүлэх хүрээнд өнгөрсөн онд Монгол улсаас 100,000 толгой хонь импортолсон бөгөөд 2030 он гэхэд 1 сая толгой хонь импортлохоор төлөвлөж байна.


Тус айлчлалын бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож буй бөгөөд Дундговь аймагт загасны Аж ахуй эрхлэх, усгүй тариалалт хөгжүүлэх, Узбекстаны цэцэрлэгт хүрээлэн байгуулах, говьд ургах жимс, жимсгэний судалгаа хийлгэх, орон нутгийн ААН-үүдийг Узбекстаны ААН-үүдтэй холбох зэрэг асуудлуудаар ярилцсан байна.








