
ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулсан талаар албаныхан мэдээллээ. Энэ нь дотоодын шатахууны үнийг тодорхой хэмжээнд тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлж буй ч дизель түлш болон өндөр октантай бензиний үнэ өсөх хандлага үргэлжилж байна.
Тодруулбал, дизель түлшний үнэ 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр 300-400 төгрөгөөр нэмэгдэж, нэг литр нь 3140-3490 төгрөгт хүрсэн байна. Улмаар дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд дахин 400-500 төгрөгөөр өсөж, Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ 3490-3990 төгрөг/литр болж нэмэгджээ.
Мөн АИ-95 автобензиний үнэ литр нь 3810 төгрөгөөс 4100 төгрөг болж өссөн байна.
Орон нутагт шатахууны үнэ харьцангуй өндөр байгаа бөгөөд дизель түлшний хувьд Увс аймагт литр нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгт хүрээд байна.







