
Брюссель хотноо шоколадаар хийсэн онцгой бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа эхэлжээ
Бельги шоколадыг сурталчлах зорилготой жил бүрийн Улаан өндөгний баяраар зохион байгуулагддаг “Bel’Oeuf” шоколадаар хийсэн онцгой бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-ныг дуустал Брюсселийн Hotel Amigo зочид буудалд болох аж. Уг үзэсгэлэн худалдаанд Бельгийн өнцөг булан бүрээс ирсэн шоколадаар төрөл бүрийн бүтээгдэхүүн урлаж гаргадаг олон арван аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс оролцож байна.
Тэд уг үзэсгэлэн худалдаагаар өөрсдийн шоколадаар урласан ер бусын, цорын ганц онцгой бүтээлүүдээ танилцуулж, борлуулж байна. Бельгийн шоколадаар урлаачдыг нэг дор цуглуулж, өрсөлдүүлэх санааг анх 4 жилийн өмнө Бельгийн шоколадаар урлаач Марк Дюкобу гаргаж байжээ.
Энэ жилийн үзэсгэлэн худалдааны гол сэдэв нь “баяр жаргал хөдөлгөөнд оршино” гэсэн нэртэй бөгөөд шоколадаар урлаачид шоколадаар галт тэрэг, пуужин, унадаг дугуй, дугуй, морин тэрэг, агаарын бөмбөлөг, мотоцикл зэрэг олон арван бүтээл урлажээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд шоколадаар галт тэрэгний зүтгүүр урласан Марк Дюкобу, “Шоколадыг хэлбэрт оруулж, сийлж, шоколадаар урлаж болно. Хайлсан шоколадаа хөргөгчинд хийлээ, хэсэг хугацааны дараа шоколад хатуурна. Биежсэн шоколадаа зорно, тэгснээ халааж, зөөллөнө.

Шоколадаар урлахад хязгааргүй их боломжууд байдаг.” хэмээн ярьжээ. Хар, цагаан, сүүтэй, самартай, чихрээр бүрсэн, төрөл бүрийн өнгөнд оруулсан шоколадаар хийсэн шууд идэж болох төрөл бүрийн баримлууд энд тавигджээ. Бельгийн Намур хотоос ирсэн Луи Хэнрик шоколад нь гайхалтай санаануудыг бодит болгож чаддаг төгс орц хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр, “Шоколадыг хэлбэрээ алдахгүй байлгах нь хамгийн том сорилт юм. Бүтээлийн санаанууд бол ар араасаа толгойд орж ирнэ л дээ. Миний энэ урласан элсэн цаг байна. Уг элсэн цагаа хийе гэж шийдээд хийх явцдаа хүнд жингээс нь болж элсэн цаг маань нурж унах юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энийгээ ёроолд нь тавих санааг гаргасан.
Ер нь шоколадаар бүтээл урлахад маш олон төрлийн ур чадварыг эзэмшсэн байх ёстой л доо. Бүх зүйлийг сайн тооцсон байх ёстой, бүтээлийнхээ хэлбэр дүрсийг алдчихгүй байлгахад гол сорилт оршдог.” гэжээ. Түүнчлэн уг үзэсгэлэн худалдаагаар шоколад урлаачид хэрэглэгчдэд какаоны үнэ буурч, хоёр жилийн өмнөх үнэдээ очсоныг харуулахыг зорьжээ. Бельгийн шоколадаар урлаач Марк Дюкобу, “Ихэнх хүмүүс шоколаданд дуртай, шоколад бол Зул сар, Улаан өндөгний баярын бэлгэ тэмдэг юм. Эдгээр баярын өдрүүдэд шоколадаар урлаачид хамгийн өндөр ачаалалтай ажилладаг нь ч үүнтэй холбоотой” гэжээ.


Үзэсгэлэн худалдаанд орох тасалбар 10 еврогийн үнэтэй ба шоколадаар урлаачдын урласан бүтээлүүд тус бүр 900 еврогоор зарагдаж байгаа аж. Үзэсгэлэн худалдаанаас олсон бүх ашиг орлого хавдар судлалын төвүүд болон хавдрын эсрэг төсөл ажлуудад зориулагдах аж. Бельгийн Намур хотоос ирсэн Луи Хэнрик, “Урласан бүтээлийг маань хүн идэж байгааг харвал би дотроо, Пөөх, би энийг хийх гэж олон цагийг зарцуулсан шүү дээ гэж бодно. Гэхдээ миний дурлаж хийсэн бүтээлийг хүмүүс дуртайя идэж байгааг харах нь өөрөө том таашаал юм” хэмээн ярьжээ.










