
“Зэс эрдэнийн хувь”-тай холбогдсон асуудлаа шийдэж чадаагүй Э.Бат-Амгалан сайдаар улиран ажиллах уу
Саяхан дүүргийн намын хорооныхоо гишүүдийг Хангарьд ордны гадна аваачиж, улс төрийн хувийн дайсагналаа дарахын тулд тэднийг “сумлаж” явсан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сайдаар улирахаар гүйж яваа сураг бий.
Өнөөдөр түүнийг бодлогын түвшинд хийсэн ажил, гаргасан шийдвэрээс нь илүү “Зэс эрдэнийн хувь” ХХК-тай нэр холбогдож, улмаар уг компанийн хувьцаа эзэмшигчид нь өлсгөлөн зарлахдаа тулсан гэдэг үйл явдлаар илүү мэддэг болчихоод байгаа билээ.
Түүний дүү Э.Батбаяр нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тэрбээр санхүүгийн луйврын улмаас компанийг 30.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын өрөнд оруулж, сүүлийн хоёр жил хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаа авах боломж олгоогүй хэмээн үзэж, улмаар хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарласан.
Яамных нь гадаа талбайд хуурай өлсгөлөн зарлан жагссан иргэдтэй тэр уулзаж, санал шаардлагыг нь ч хүлээж аваагүй атлаа сайдаар үлдэхээр нам дотроо өрөө өрөөний хаалга татаж явааг саарал ордон дотор жиг жуг гэлцэж буй сурагтай.
Харин иргэд Төрийн ордны гадаа сүүлийн өдрүүдэд жагсаал, цуглаанаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Э.Бат-Амгалангийн нэр холбогдсон агуулгуудыг цааш ухах тусам, “Шинжан шинфан” гэх хятад компанийн мөнгийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамтаар сонгуулийн сурталчилгаанд ашигласан юм биш биз гэх асуудал ч гарч ирдэг. Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нарын нэр уг хэрэгт холбогддог.
Тэд хамтарч бизнес хийдэг хамтад нь цагдаагийн байгууллагаас хуурамч данс нээж төсвөөс их хэмжээний мөнгө авсан гэх гомдлын дагуу хоёрдугаар сард шалгаж эхэлсэн байдаг. Цагдаагийн мөрдөнгөөс хэрэгсэхгүй болсоор ирсэн хэрэг дахин шалгагдах болсон. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа гэдэг мэдээлэл бий.
Энэ мэт түүний нэрийг дагах асуудлуудын цуваа тасрахгүй. Ийм хүн өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд байх зохистой юу. Эсвэл бидний хэлдгээр цайрчихсан, ширэн нүүртэй байж ч мэднэ…


























