
Тэнгэрт сар гарахыг хүлээж, нэг шөнө амрагласан охиноо орхиж, өөр охин хайдаг тухай дуулж асан реппер Тимон Монгол улсын 35 дахь Ерөнхий сайд боллоо. Реппер Ерөнхий сайдтай болж байгаа нь Монгол Улсын анхны тохиолдол юм. Гэвч улс төр бол реп биш. Энд ‘дисс’ хийхэд фэнүүд биш, хууль хяналтынхан хариу өгнө. Шинэ Ерөнхий сайдын Засгийн газар хэр удах вэ? Хэр тэсэж үлдэж чадах вэ? Нөгөө талаас тэсэхийн тулд Н.Учрал сайдыг ямар таван учрал хүлээж буйг задалъя.
НЭГДҮГЭЭР УЧРАЛ
Магадгүй нэгдүгээр учрал бол хамгийн галтай сэдэв. Өчигдөрхөн Дэлхийн санхүүгийн гол эх сурвалж Financial Times: Газрын тосны үнэ 3 сарын дотор 60% өсөх эрсдэл үүссэн тухай мэдээлэл цацав. 3 сарын дотор босоо чиглэлд үнэ өсөж, 120 ам.доллар давах эрсдэлтэй байна. Энэ нь Монгол шиг импортлогч орны хувьд “Эдийн засгийн цохилт” болно.
Яагаад ийм зүйл болов? Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Орос-Украины мөргөлдөөн 5 дахь жилдээ цусан мөр татуулан үргэлжилж байна. Энэ бол зөвхөн газар нутгийн дайн биш, дэлхийн эрчим хүчний сүлжээг талхлан идэж буй ‘хорт хавдар’ юм. Дээр нь Ойрх Дорнодын зөрчилдөөн. Өмнө нь Иран-Израиль хоёр сүүдэр дор, далд маягтай сөргөөцөлддөг байсан бол одоо хөшиг нээгдэв. АНУ Израилийн талд ил цагаан зогсож, Ирантай зэвсэгт мөргөлдөөн хийх болсон нь дэлхийн хамгийн баян, бас хамгийн тогтворгүй газрын тосны ордыг ангал руу түлхэж байна.
Иран-Израилийн мөргөлдөөн “Ил” болсноор Иран хариу арга хэмжээ авч Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийг саатуулах, эсвэл Израилийн холбоотон орнуудын танкерууд руу халдаж эхэлсэн. Ормузын хоолой гэвч өөрөө дэлхийн шатахууны нийлүүлэлтийн 20% дамждаг маш чухал басхүү гол хоолой. Ингээд л үнэ өссөн.
За одоо тэгвэл дэлхийн энэ хоёр зэвсэгт мөргөлдөөн манай улсад ямар падлий байна аа гэж бодож магадгүй ээ. Падлийтай байлгүй яахав. Хамгийн их хамааралтай. ОХУ-аас бид шатахууныхаа 90 орчим хувийг нь авдаг. ОХУ дэлхий дээрх үнэ нэмэгдвэл дагаад нэмдэг. Эсвэл өөрсдөө дайн тулаантай байгаа учраас байн байн шатахуун авдаг улсууддаа бага хэмжээгээр өгөх эсвэл хоригт оруулдаг. Хэдийгээр Г.Занданшатар, Г.Дамдинням нар ОХУ-тай хоригт биднийг оруулахгүй байх талаар хэлэлцээр хийж чадсан ч тэд бидэнд насаараа элгэмсэг хандах болов уу? Нөгөө талаараа Хятад улсаас бид мөн л импортоор АИ95 бензин авдаг. Тэд өөрсдөө Ормузын хоолойгоос авдаг учраас үнээ нэмнэ гэдгээ мэдэгдчихсэн. Ингээд 4-р сарын 1-нд болсон Төсвийн байнгын хороо маш чухал асуудлыг хэлэлцсэн ч бид огт ажирсангүй. Учир нь Ө.Энхтүвшин гишүүн Т.Даваадалай орлогч нарын зодооныг үзээд…
Өнөөдрийн байдлаар шатахуун, бензиний үнэ ханш:
- Дизель түлш 5200 төгрөг,
- Евро ДЗ 5300 төгрөг,
- Евро 92 4200 төгрөг,
- АИ95 4100 төгрөг болохоор байна.
Энэ гэхдээ үнэ нэмэгдэх эхний л таамаглал. За ингээд үнэ нэмэгдвэл юу болох вэ? Ойлгомжтой. Газар тариалан, уул уурхай, давс, сахар, будаа, гурил, мах гээд бүх л өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Цаашлаад хаврын тариалалтаас эхлээд газар тариалан, уул уурхай, зам, дэд бүтцийн ажлууд яг ид эхлэх цагаар энэ бол бүх л салбарт маш хүнд тусна.
Инфляцыг тогтоож чадах болов уу? Иймээс Төсвийн байнгын хорооноос Засгийн газрыг яаралтай ажлаа хий, импортын татвараа тэглэ, НӨАТ болих гэх мэт эрхийг нь өгье гэсэн шийдвэр гаргалаа. Яаая! Н.Учрал дижитал шилжилт ярьж болох ч, дизель түлш тасарвал ‘E-Mongolia’ зүгээр л дэлгэцэн дээрх зураг болон үлдэх нь дээ. Н.Учралын эхний учрал ийм байна. Геополитикийн шалгалтыг хэрхэн давж чадах нь хамгийн залуу 3 дахь Ерөнхий сайдын эхний даваа боллоо. Фридрих Ницшегийн хэлсэн ‘Мөнхийн давталт’ ирлээ. Давталт ирлээ…
ХОЁРДУГААР УЧРАЛ: УИХ-ААС БАТАЛЖ ӨГСӨН 120-Р ТОГТООЛОО БИЕЛҮҮЛЖ, РИО ТИНТОТОЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЧ ЧАДАХ УУ?
Бүх юмны үнэ тэнгэрт хадах энэ үед Рио Тинтотой хэлэлцээр хийх цаг үе давхцаж байгаа нь халхын заяа ихийнх байх гээд үндэс угсаагаа магтчихъя. Хоёрдугаар “Учрал” бол яах аргагүй Монголын эдийн засгийн тусгаар тогтнолын тулгуур багана, бас хамгийн том “эрсдэл”. Үе үеийн Ерөнхий сайдуудын халтирч унадаг, эсвэл Рио Тинтогийн баракуда нэртэй элдэв стратегийн ажиллагаануудад залгиулдаг аюултай талбар. Гэхдээ Н.Учралд УИХ-ын 120-р тогтоол бол Оюу Толгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардлын өсөлтийг хязгаарлах, гэрээг шинэчил гэж өгсөн эрх зүйн хүчирхэг баримт бичиг бий. Тэр үүнийгээ бариад Риотой хэлэлцээр хийгээд дөргүй бух шиг зүтгээд байвал 120-р тогтоол бол зэвсэг юм. Н.Учрал одоо Хууль тогтоох байгууллагын шууд даалгавартай “шаардагч”-ийн дүрээр очих боломжтой болсон.
Г.Занданшатар богино хугацаанд Ерөнхий сайд хийсэн ч Рио Тинтог ус ашигласны бус ус бохирдуулсны төлбөрөө төл, Онтрэгийн лицензийг цуцална, Монгол улс өгөөжөө 60 хувь болгоё гэдэг 3 санал тавьсан. Рио Тинто хариу өгөөгүй байгаа. Г.Занданшатарын энэ ажлыг залгамжилж, Рио Тинтогийн өмнө үе үеийн Засгийн газар шиг эс үйлдэхүй хийж, улсаа мөлжүүлээд өрөнд үлдээд ухсан том нүхтэй л хоцрох гээгүй юм бол Рио Тинтотой анх байгуулсан гэрээнийхээ дагуу ядаж 53 хувийн өгөөжөө хүртээд, өдөрт 15 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байгааг нь болиулж гэрээгээ шинэчилж чадвал ёстой Н.Учралын түүхэнд үлдэх сайн өв, сайн түүх болж чадна. Тиймээс иргэд бид Н.Учралыг Рио Тинтотой хэлэлцээрт орж, улсдаа ашиг авчир гэж шахах, бас дэмжих ёстой. Риогийн талд орчхоод, үндэсний эрх ашгаа умартаад, Монгол улс хангалттай л өгөөжтэй байгаа шүү дээ гээд сууж байж таарахгүй.
Рио Тинто бол дэлхийн уул уурхайн “аварга акул”. Тэд 17 жилийн турш Монголчуудад “ирээдүйн ашиг” гэх үлгэр ярьсаар ирсэн. Бид 17 жил үлгэр сонссон шүү дээ Монголчуудаа. Харин Ерөнхий сайдад нэг хов хүргэчихэд засаг дотор чинь Монгол улс хангалттай өгөөжтэй байгаа шүү дээ” гэж хэлээд сууж буй улс төрч байвал наадах чинь Н.Учралын багт байх ёстой хүн биш, харин “Рио-гийн лоббист” л хэмээн ойлгох хэрэгтэй. Хүүний шоронгоос монголчуудыг гаргаж өгнө үү. 20-р зуунд манжийн дарлалд хүүнд идүүлж байсан гэдэг. Харин 21-р зуунд хөрөнгө оруулагч нэртэй хүүнээс хүү бодогчдын хүүний шоронд дарлуулах уу? Гаргаж өгөөч.
ГУРАВДУГААР УЧРАЛ: “ХҮҮК”-ИЙН СҮҮДЭР БА Б.ЭНХБАЯРЫН ХЭРҮҮЛ
Яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсын 01 нь У.Хүрэлсүх байна аа. Зүйрлэбэл хаан. Гэхдээ хаан гэдэг үг хашилт дотор байгаа гэдгийг тодотгоё. Битгий эмзэглээрэй У.Хүрэлсүх ахаа. Ахаас манай салбарынхан жаахан айдаг юм аа. Айдаг шалтгаан нь хэд хэдэн үндэстэй. Сэтгүүлчид шоронд ороод байгаа зэргээс үүдээд тэр л дээ. За тэр яах вэ, түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй Ерөнхийлөгч маань Н.Учралыг өөрийнхөө “амбицын үргэлжлэл” болгохыг хүсдэг байж болзошгүй. Н.Учралын хувьд Хүүк бол аав нь. Хэрэв Н.Учрал бие даасан шийдвэр гаргаж эхэлбэл Хүүк түүнийг “багалзуурдаж” эхэлнэ. У.Хүрэлсүхийн хувьд тогтвортой байдал чухал боловч, тэр тогтвортой байдал нь түүний хяналт дор байх ёстой.
Гэхдээ нэг зүйлийг энд шигтгэх нь зүйн хэрэг. Улс төрийн өрнөлийг харвал Г.Занданшатарыг Ерөнхий сайдын суудалд удаасангүй ээ. Г.Занданшатар та ажлаа үргэлжлүүлээд хий хий, харин би намын дарга бас Их хурлын даргаа хийж л байя гэж болох байсан ч Занданг явуулж байна гэхээр Н.Учрал Хүүкийнхээ үгнээс зөрсөн болов уу, яасан бол гэсэн таамаг байна. Таамаг гэдгийг хэлье. Яагаад гэвэл Г.Занданшатар бол “Меритократ” зарчим, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд Хүүкийн бодлогыг дэмжиж ирсэн хүн. Түүний тамгынх нь дарга явсан түшмэд нь. Зандан брог явуулсан нь Н.Учралд зам засч өгсөн үү, эсвэл Н.Учрал өөрөө илүү “хяналттай” тоглогч байж чадах уу гэдэг нь асуулт хэвээр байна.
За дараагийнх нь Б.Энхбаяр. Б.Энхбаяр бол Н.Учралын сайн бас сул тал. Яг Н.Учралын өнцгөөс харвал Б.Энхбаярыг үлдээх гэдэг талаас нь хэдүүлээ бодоод үзье л дээ. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын тал Б.Энхбаярыгаа явуулаад бид нарт засагт 4-5 суудал өг. Эсвэл УИХ-ын даргаа сайдын хэдэн суудалтай өг. Гэхдээ Б.Энхбаярыг л явуулна шүү гээд байгаа. Намынхантайгаа эвтэй байж чадвал Н.Учралын засаг удаан тогтож чадна. Б.Энхбаярыг үлдээвэл 30-ын талынхантай гүйцэт эвлэрч чадахгүй ээ л гэсэн үг. Мөн Б.Энхбаяр нь олон дайсантай тул дайснууд нь Б.Энхбаяр руу цаг үргэлж ноцоод Н.Учралын засаг руу халдаад тайван байлгахгүй байх магадлалтай. Харин Н.Учрал Б.Энхбаярыг үлдээснээр дайснуудаа намнуулж болох юм. Үнэхээр Б.Энхбаяр үнэн хэлдэг л юм бол хэргүүдийг нь боогоод, боогоод явуулаад байвал Н.Учралд ашигтай. Боогоод явуулж чадаад байвал Н.Учрал сонгуульд ороход ч авлигатай тэмцсэн нэртэй юм даа. Б.Энхбаяр амаараа бол бараг 1000 хүнийг шоронд хийчхээд байгаа. Зуурсан бантангаа өөрөө үлдэж үргэлжлүүлж зуур л гэх болов уу.
Б.Энхбаярт ч гэсэн сүүлийн боломж. Үнэхээр ам шигээ нөхөр мөн юм уу? Мэргэжлийн талдаа, улс төрч талдаа, сайд талдаа гээд энэ гурван өнцгөөсөө үнэхээр супер юмуу гэдгээ нотолж чадвал шилдэг нь. Чадахгүй бол зайгаа л тавьж өгсөн нь өлзийтэй болов уу.
Харин Б.Энхбаярыг явуулж чадвал АБ, ОЭ талтайгаа эвлэрч нэгдмэл байж чадах нигууртай. Гэсэн ч нам нь олон гэмт хэрэгтнээ өршөөж толгойг нь, авлигыг нь тэвчиж үлдээсэн нэр зүүж, сонгуульд энэ нь саад болж мэднэ. Нэг их гэмт хэрэгтнүүд илчлээд л, үзүүлээд л өгнө гэсэн ч яагаа ч үгүй биздээ гэх мэтээр. Мөн эргээд Б.Энхбаярынхаа хоронд ч хатгуулж мэднэ. Н.Учралын ёстой шүдний өвчин нь Б.Энхбаяр байгаа биз. Дэлхий дахин хэцүү байхад дотоод улс төр тэрнээсээ хэцүү, хүнд болчих гэж…Н.Учралыг “авлигатай тэмцэж байна” гэж харуулахад хэрэгтэй ч, хэтэрхий хүчирхэгжвэл Н.Учралын засгийг дотроос нь “идэж” мэднэ.
Сизифийн чулуу
“Грек домогт Сизиф гэж хаан байдаг. Тэр асар том чулууг уулын оргил руу өнхрүүлэн гаргадаг ч, яг оргил дээр нь гарахад чулуу нь буцаад доошоо өнхөрдөг. Н.Учралын Ерөнхий сайдын алба бол энэ чулуу юм. Чулууг өнхрүүлж гарахад Б.Энхбаяр хөлнөөс нь татаж, Хүүк дээрээс нь харж, Рио Тинто замаас нь түлхэх үү? Чулуугаа оргилд гаргаж чадаад энэ бүх шахалтыг давж чадвал Монголын түүхэнд ‘Шинэ Учрал’ болон үлдэнэ. Эс бөгөөс ердөө нэг ‘Remix’ болоод дуусна. Цаг хугацаа бол хамгийн хатуу шүүгч. Шоу эхэллээ. Түүнийг үзэцгээе.
Сэтгүүлч У.Болортуяа: Улс төрийн задлан
Эвлүүлгийн найруулагч: С.Баасандаш
Зураглаач: Д.Гэлэгжамц








Б.Энхбаяр нь ядаж байхад өөрөө бас гэмт хэрэгтэн гэж нийгэмд харагдаад эхэлчихсэн. Хүмүүсийг шахдаг шигээ өөрөө бас шалгуулчих л хэрэгтэй