
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы санаачилсан Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийн онцлох заалтыг дурдахад:
- Эрүүл мэндийг дэмжигч сургууль нь сургуулийн эрүүл мэндийн бодлоготой байх бөгөөд сургуулийн эрүүл мэндийн бодлогыг энэ хуулийн 6.1-д заасан бодлогод нийцүүлэн сургуулийн эрүүл мэндийн баг боловсруулж, батална.
- Сургууль нь 9 гишүүн бүхий эрүүл мэндийн багтай байх бөгөөд тус багт сургуулийн захирал, эрүүл мэндийн арга зүйч багш, сэтгэл зүйч, хоол зүйч, нийгмийн ажилтан тус бүр нэг, суралцагч болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөлөл тус бүр хоёр байхаар бүрдүүлнэ.
- Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөөг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь 4 жил тутамд сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж, олон нийтэд тайлагнахаар зохицуулсан бол, энэхүү төлөвлөгөөнд нийцүүлэн Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн шатны Засаг дарга сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн төлөвлөгөөг жил бүр баталж, хэрэгжүүлэх, тайлагнахаар, харин сургуулийн захирлын хувьд тухайн сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургуулийн төлөвлөгөөг жил бүр боловсруулж, баталж, хэрэгжүүлэхээр зохицуулсан.
- Энэ нь үндэсний түвшнээс орон нутаг, сургууль хүртэлх шатлал бүхий төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, сургуулийн орчны аюулгүй байдлыг эрсдэлд суурилан үнэлэх, сайжруулах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлийг хангах эрх зүйн үндэс болно.
Уг хуулийн төслийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг дараах байдлаар тогтоолоо:
- Урьдчилан сэргийлэх тогтолцоо
Жил бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хийх
Эрсдэлийг эрт илрүүлэх
Эрүүл мэндийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх
Энэ нь өвчнийг хүндрэхээс өмнө илрүүлэх зорилготой
- Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ
Стандарт хангасан эрүүл мэндийн өрөө
Яаралтай тусламжийн бэлэн байдал
Сэтгэл зүйн зөвлөгөө
- Аюулгүй орчин
Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө
Гадаад, дотоод орчны стандарт
Гамшгийн үед хамгаалах сургалт
- Эрүүл мэндийн боловсрол
Гар угаах, шүд угаах
Хооллолт, хөдөлгөөн
Сэтгэл зүй, бэлгийн боловсрол
Донтолтоос сэргийлэх
- Хариуцлагын тогтолцоог тодорхой тусгалаа
Стандарт зөрчсөн тохиолдолд хариуцлага
Хохирол нөхөн төлөх механизм
Энэ нь бодлогын хэрэгжилтийг бодит болгоно








