
Н.Учрал: Зарим салбарын сайд нарыг ажлын гүйцэтгэлийг нь харгалзан, улираан ажиллуулна
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцоол гарч ирснийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахдаа гүйцэтгэл, цаг хугацааг харгалзана” гэсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал: “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар байр сууриа илэрхийлж, зарим сайд нарыг улираан ажиллуулах шаардлага үүсэж байгааг онцоллоо. Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай үргэлжлүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм.
Салбар бүрийн сайд нарын гүйцэтгэл, ажлын үр дүнг харгалзан үзэж байгаа бөгөөд төрийн нарийн бичгийн дарга нартай хамтран ажлыг хэвийн явуулж байна. Мөн олон улсын харилцааны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгаа” гэв.
Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар агаарын хөлгийн түлшний асуудал болон гаалийн импортын татварын тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцсэн байна. Үүнээс гадна гадаад харилцааны хүрээнд, тэр дундаа ОХУ-тай холбоотой айлчлал, гэрээ хэлэлцээрүүд хүлээгдэж буйг дурдсан юм.
Ийм нөхцөлд Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь шинэчлэх боломжгүй бөгөөд зарим сайд нарыг улираан ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Учир нь шинэ баг бүрдүүлэхэд цаг хугацаа шаардагдах бөгөөд улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хойшлуулах боломжгүй гэв.
Мөн тавдугаар сарын 1-ний дотор төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах шаардлагатай байгааг онцолж, ирэх оны төсвийн төлөвлөлттэй холбоотой ажлууд шахуу хугацаанд явагдаж байгааг хэллээ. Бүтэц, зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийх нь төсвийн тодотгол, нэмэлт зардал дагуулах эрсдэлтэйг анхааруулсан байна.
Түүнчлэн одоогоор төрийн байгууллагуудад 3000 орчим сул орон тоо байгаа бөгөөд үүнээс хэмнэлт гаргах бодлого барьж байгааг дурдсан юм. Энэ онд 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв батлагдсан ч орлогын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид таналт хийх шаардлага үүсэж болзошгүйг санууллаа.
Бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтөөс үүдэлтэй цаг алдалт гаргахгүйн тулд шийдвэрүүдийг шуурхай гаргах шаардлагатай байгааг онцолж, өнөөдөртөө багтаан бүлгийн хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдэгдэв.
М.Солонго
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







