
НЕБ-ын 29 дүгээр сургуулийн зарим эцэг, эхчүүд сургуулийн сургалтын чанар хангалтгүй байгаатай холбоотойгоор “Чимээтэй суулт” зарлалаа.

Тодруулбал Ц.Алтанзул гэх эмэгтэйн хүүхэд тус сургуулийн 8-р ангид суралцдаг аж. Гэтэл уншиж ойлгох болон түүнийгээ бичих чадвар нь энэ насны хүүхдэд хангалтгүй байна гэж үзэж буй. Түүний суулт хийж буй шаардлага нь:
- Сурдопедагог багшийн тоог нэмэх
- Тусгай арга зүйг нэвтрүүлэх
- Дохионы хэл+Бичгийн хэл=Хос хэлээрээ хичээлээ заах
- Хичээлийн ачааллыг бууруулж хүүхдэд тохируулах
- Сургалтын чанарт бодит хяналт хийх
- Мэргэшсэн удирдлагын багийг томилох
- Хариуцлагын тогтолцоог бий болгох.


Харин тухайн сургуулийн захиргаа болоод, хамтарч ажилладаг төрийн бус байгууллагуудын зүгээс “Дохионы хэлтэй” багш бэлтгэх болон “Сонсголын бэрхшээлтэй” хүүхдүүдэд зориулсан тусгай сургалтын систем байхгүй учир бодлогын хүрээнд шийдэж өгөхийг хүслээ.
Тодруулбал,
НЕБ 29-р сургуулийн захирал С.Батмягмарын хувьд захирлаар томилогдоод 3 жил болж буй. Энэ хугацаандаа сургуулийн орчинг бүрэн засвар хийлгэж хүүхдүүдийн хоцрогдол юунаас шалтгаалж буйг тус бүр үнэлж сургалтын чанарт ихэд анхаарч буйгаа хэлсэн юм. Тэдний хувьд багшийн мэргэжлээр төгссөн хүмүүс тухайн сургуульд орж ирснийхээ дараа дохионы хэлний сургалтанд сууж хэл хугацаа алдах асуудал гарч байгаа аж. Уг шугамандаа дохионы хэлийг багшийн мэргэжлээр сурч буй хэн бүхний заавал сурах хичээлийн тоонд оруулж өгдөг бол багшийн хомсдол хичээлийн хоцрогдол үүсэх эрсдэлээс сэргийлж болох аж.


Мөн тухайн сургуулийн хувьд өмнө нь хамтарч ажиллах төрийн бус байгууллагуудад хаалттай байдаг байсан бол сүүлийн жилүүдэд хамтарч ажиллах хүүхдүүдээ хөгжүүлэх тал дээх илүү анхаарч ажилладаг болсон талаар “Тэгш тусгал” ТББ-ийн төслийн менежер Б.Бямбасүрэн онцолж байлаа.
НЕБ-ын 29-р сургууль улсдаа ганц сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль. Сонсголгүй хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд хаа холоос зорин ирж сурдаг. Гэтэл тухайн хүүхдүүд болоод хичээлийн хөтөлбөрт төдийлөн сайн анхаарахгүй байгаа нь 12 жил сурах сургуулийн зөвхөн бага ангид 2 сурах бичиг байдгаас харж болно.


Иймээс дохионы хэлээр ярьж, ойлголцож сурч буй хүүхдүүдийн боловсролын асуудлыг бодлогын түвшинд дэмжиж, боловсролын системд өөрчлөлт оруулах цаг болсон гэж тус сургуулийн эцэг, эхчүүд болон, сургуулийн захиргаа, хамтарч ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл үзэж буй.








