
Ойрх дорнодын бүс нутгуудад үүсээд буй дайны нөхцөл байдлаас үүдэн дэлхий даяар үнийн хөөргөдөл, шатахууны хомстолд орох эрсдэл тулгарч байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн дэд профессор Б.Энх-Амгалангаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
“Эдийн засгийн нөхцөл байдал манай улсад хүндрэх нөхцөл байдал ажиглагдаж байна. Дайн эхэлсэн даруйд нөхцөл байдал сайн байсан ч зүүн өмнөд Азийн улсуудад шатахуун хомстох зэргээр маш хурдан нөлөөлж эхэлсэн байдаг. Монгол Улсын хувьд ОХУ-аас шатахуунаа авдаг гэдэг утгаараа харьцангуй сүүлд энэ нөлөөлөл мэдрэгдэж байна.
Хамгийн гол нөлөөлөл нь юу байх вэ гэхээр одоо манайд үүсээд байгаа шатахууны хомстолоор мэдрэгдэнэ. Үүний шалтгаан нь БНХАУ-ын талаас манай улсад тодорхой хэмжээний дизель түлш нийлүүлдэг байсан бол одоо тухайн нийлүүлэлт зогсчихсон байна. Хоёрдугаарт манай улсад АИ-92 шатахууныг ОХУ-ын талаас тодорхой хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулсан байгаа учраас өнөөдрийн байдлаар тодорхой үнэ дээр өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ АИ-95, дизель түлш дээр тогтвортой үнээр нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулаагүй учраас олон улсын нефтийн зах зээл дээр үнийн өөрчлөлт гарвал түүнийгээ дагаад үнэ өөрчлөгдөнө гэж харж байгаа.
Хавар болж тариалалтын үе эхэлж байна уул уурхайн салбар сэргэхтэй холбоотой дизелийн түлш үнэд орчих юм бол өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүснэ. Энэ үед Засгийн газар нөөц сангийн хөрөнгөө үнийн өсөлтийг саармагжуулахад хэрхэн зөв зарцуулах вэ гэдгээ харах хэрэгтэй. Тодорхой нэг, хоёр сарын хугацаанд ойрх дорнодын бүс нутагт үүсээд буй асуудал намжихааргүй бол манай улсад орж ирэх орлого ямар байхаар байна, шатахууны үнийн хэлбэлзлийг багасгахад дэмжлэг үзүүлэхэд улсын төсөв дээр тодотгол хийх асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефт боловсруулах үйлдвэр эхлүүлсэн байгаа. Нефт боловсруулах үйлдвэр Засгийн газрын төлөвлөснөөр 2028 онд ашиглалтад орох ёстой. Энэ үйлдвэр ашиглалтад орох юм бол ОХУ-аас шатахууны хараат байдал багасна. Гэхдээ дайны нөхцөл байдалтай холбоотой асуудал үүсэж буй учраас ОХУ-тай байгуулсан гэрээ, хэлцлээ түлхүү ярих хэрэгтэй” гэв.







