
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ираны эрчим хүчний станцуудад цохилт үзүүлэх төлөвлөгөөгөө хойшлуулж, Ирантай хийж буй яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарч, Вашингтоны зүгээс галаа зогсоох тухай 15 заалт бүхий төлөвлөгөөг Тегеранд санал болгосон тухай мэлэгдсэнтэй холбоотойгоор олон улсын бирж дээр газрын тосны үнэ 5 гаруй хувиар буурч, Азийн индексүүд өсжээ.
Токиогийн Nikkei 225 индекс 2.8 хувиар, БНСУ-ын Kospi 3.1 хувиар, Шанхайн SSE 0.9 хувиар, Хонконгийн Hang Seng 1.2 хувиар, Австралийн S&P/ASX 200 2.2 хувиар, Тайванийн Taiex 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дэлхийн газрын тосны нийт худалдааны 1/5 нь дамжин гардаг Ормузын хоолойн хөдөлгөөн Ираны дайны улмаас зогссоноос болж газрын тос, байгалийн хийн үнэ сүүлийн хэдэн 7 хоногийн турш хэлбэлзсэн юм.
Ираны дайн удахгүй дуусах төлөвтэй байгаа тухай мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарснаас хойш нэг баррель Brent маркийн газрын тосны үнэ 5.9 хувиар буурч, 94.42 ам.доллар болжээ. Дөнгөж өчигдөр тус маркийн газрын тосны үнэ 104 ам.доллар байсан юм.
Ираны зүгээс АНУ-тай ямар нэг яриа хэлэлцээ хийгээгүй гэж үгүйсгэж байгаа бол Пакистан АНУ, Иран хоорондын яриа хэлэлцээг нутагтаа зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.







