
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль сан хамтран Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж, олон нийтэд сүрьеэ өвчний талаар мэдээлэл түгээх зорилгоор хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Манай улс 1995 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр ихээхэн онцлогтой ба ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй ДЭМБ-ын баг Монгол Улсад дээд хэмжээний ажлын айлчлал хийж буй явдал юм.

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон ДЭМБ-ын “Сүрьеэг устгах стратеги”- 2035, НҮБ-ын “Сүрьеэг устгах” Улс төрийн тунхаг зэрэг олон улсын болон үндэсний үзэл баримтлалд нийцүүлэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-ыг боловсруулж, өнгөрсөн оны наймдугаар сард батлан хэрэгжүүлж байна.




Монгол улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хүүхдийн сүрьеэгийн 165 тохиолдол, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 129 тохиолдол бүртгэгдэж, сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас барсан. 10,000 хүн амд шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин улсын хэмжээнд 6.0, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7, аймгийн түвшинд 5.0 байна. Тэр дундаа Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад сүрьеэгийн өвчлөл өндөр байна.






Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 78 эрүүл мэндийн байгууллагад Молекул биологийн шинжилгээний аргаар сүрьеэгийн оношилгоо, 42 хиймэл оюун бүхий зөөврийн болон Дижитал рентген шинжилгээг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж байна. Молекул биологит суурилсан оношилгооны аргыг бүх түвшинд нэвтрүүлснээр оношилгооны баталгаажилт нэмэгдэж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн цусанд сүрьеэгийн халдвар тодорхойлох шинжилгээний аргыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори, нийслэлийн 6 дүүрэгт ашиглаж байна.




Түүнчлэн дэлхий дахинд гарч байгаа сүрьеэгийн шинэ эм, эмчилгээний шинэ горимыг цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал:
- Сүрьеэгийн эмийн чанар, аюулгүй байдалд анхаарч, Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулан олон улсын нэгдсэн худалдан авалт хийж байна.
- Сүрьеэгийн эмчилгээний хугацаа богиносож байна. Эмэнд мэдрэг сүрьеэгийн эмчилгээ 4-6 сар, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг байсан бол одоо 6-12 сар болж богиноссон.
- Урьдчилан сэргийлэх эмчилгээг өргөжүүлэн 5 горимоор сонголттой хийж байна.
Эдгээр арга хэмжээ нь сүрьеэг эрт илрүүлж, богино хугацаанд эмчлэгдэж эдгэрэх, улмаар санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байгаа юм.


Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сантай хамтран өчигдрөөс нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Мөн хэрэв танд ямар нэг зовуурь, ялангуяа 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах шинж илэрч байвал эмнэлэгт эрт хандаж, үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.


Өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон Бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй түүний баг хамт олон, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн дарга М.Даваабат болон ДОХ, Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээний багийн гишүүд, НЭМҮТ, НЭМГ-ын удирдлага, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл, оюун залуус оролцлоо.












