
Булангийн орнуудад нүүрлэсэн геополитикийн хямрал Төв Азийн цээжинд орших Монголын эдийн засагт таагүй нөлөө дагуулж байна. Энэ нь эрвээхэйн эффект буюу Амазоны ширэнгэн ойд эрвээхэй далавчаа дэвэхэд Японд далайн хар шуурга дэгддэгийн нэг жишээ юм. Иран дахь Трампын ажиллагаанаас бол дэлхийн “хар алт”-ны зах зээлд эмх замбараагүй байдал үүсч, үнийн өсөлтийн муруй өдрөөс өдөрт дээшээ заах болсон.
Хамгийн сүүлийн мэдээгээр Иран хөрш Катар руу довтолж, үлэмж хэмжээний хохирол учруулснаар дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ 6%-иар өслөө. Энэ нь шатахууны хувьд 100% гаднаас хараат, тэр тусмаа хойд хөршийн 90%-ийн хамааралтай Монгол Улсын хувьд тун муу мэдээ.
Монголын шатахууны гол нийлүүлэгч ОХУ нь дотоодоо ч шатахууны хомсдолд орсон. Украины дроны довтолгоо Оросын шатахууны үйлдвэр, агуулахыг онилсноор тус улсын жижиг хотуудад шатахууны хомсдол нүүрлээд удаж байгаа билээ.
Эдгээр муу мэдээ Монголд шатахууны хомсдол болон үнийн өсөлтийн шалтгаан болох нь гарцаагүй.
Өнгөрсөн намар, өвлийн эхэн үед Монголд шатахууны хямрал нүүрлэсэн нь анхных ч биш бас сүүлчийнх ч биш. Дэлхийн зах зээлд өрнөж буй “хар алт”-ны хямрал Монголд импортлогдох нь тодорхой зүйл. Бид өөрсдөө газрын тос нэрдэггүй. Тиймээс Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Орос-Украины дайны уршиг Монголоос холуур өнгөрөх боломжгүй юм.
Ормузын хоолойн тээвэрлэлт таг зогссоноос болоод Ойрхи Дорнодоос нефть авдаг байсан орнууд өөр нийлүүлэгч хайх болсон.
Ялангуяа манай урд хөршийн хувьд том бэрхшээл үүсгэж буй юм. Монгол Улс нэг улсаас хамааралтай шатахууны нийлүүлэлтээ багасгах үүднээс урд хөршөөс евро5 стандартын шатахууныг авах, хэмжээгээ нэмэх тохиролцоонд хүрсэн нь Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс өмнөх явдал.
Трампын гэнэтийн цохилт Хятадад ч, Оросод ч, Монголд төсөөлөөгүй үр дагавар дагуулж байна. Монголын шатахууны гол нийлүүлэгч Оросоос газрын тос худалдан авах улс орнуудын тоо нэмэгдсэн нь бидэнд асуудал дагуулж эхэллээ. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийнэ гэгчээр оросууд шатахуунаа олон улсын зах зээлийн үнээр нийлүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлэх болсон гэх.
Нөгөө талаар евро5 стандартад шилжсэнээр шатахууны үнэ нэмэгдэж таарна. Монголын эдийн засаг шатахууны үнээс шууд хамаардаг.
Хэдийгээр шатахууны нөөц одоогоор хэвийн байгаа ч цаашид уул уурхай, зам барилга, газар тариалангийн ажлууд эхлэх үеэр хомсдолд орохгүй гэх баталгаагүй. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцээд шатахууны хэрэглээ ч багагүй өсдөг. Тэгэхээр одоо байгаа шатахууны нөөцөө урдаа барих уу, ардаа барих уу гэх асуудал яригдаж мэднэ. Үндсэндээ, хямд үнээр авсан нөөц маань дууссан тохиолдолд яах вэ. Энэ бол төр, хувийн хэвшил, иргэн гэлтгүй бүгдийнх нь асуудал мөн үү, мөн.






