
Паралимпын дараагийн наадам даанч хол байна даа…
“Милан Кортина 2026” паралимпын XIV удаагийн наадам Итали улсад энэ сарын 6-15-ны өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулан, хөшгөө хаалаа.
Энэ удаагийн паралимпын наадамд 56 улсын 665 тамирчин спортын 6 төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Паралимпын наадмын тухай
Өвлийн Паралимпын наадам нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд өрсөлдөөнийг өрнүүлдэг өвлийн спортын хамгийн том олон улсын тэмцээн юм. Энэхүү наадам нь олимпын наадамтай адил дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Тус наадамд өрсөлдөх орон орны тамирчид бүтэн 4 жилийн хугацаанд буюу олимпын циклд эрхээ авах, эрхийн оноо цуглуулах зорилгоор тэмцээн уралдаанд өрсөлдөж, албан ёсоор эрхээ аван оролцдог.
Паралимпын түүх
1960 оны есдүгээр сард Ром хотноо болсон тэмцээнд 23 орны хөгжлийн бэрхшээлтэй 400 тамирчин оролцсон бөгөөд чухамхүү энэ наадам анхны Паралимп хэмээн түүхэнд үлджээ. 1976 онд Шведийн Эрншёльдсвикт анхны өвлийн Паралимпийн наадам болсон бөгөөд энэ наадамд анх удаа зөвхөн тэргэнцэртэй тамирчид биш бусад төрлийн бэрхшээлтэй тамирчид ч оролцсон байна. Зуны Паралимпын наадам 1960 оноос, өвлийн Паралимпын наадам 1976 оноос хойш зохиогдож байгаа юм.
Паралимп нь “оюун ухаан, бие бялдар, нугаршгүй сэтгэлийн тэнхээ”.
Паралимпын бэлгэдэл дээрх буюу лого нь улаан, хөх, ногоон өнгө чухамхүү энэ гурвыг бэлгэдсэн юм.

Өнгөрсөн зууны 30-аад онд Их Британи руу цагаачилж очсон, Германы еврей, мэдрэлийн мэс засалч Людвиг Гуттманыг Паралимпийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч хэмээн үздэг.
Нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнүүдийг хөл дээр нь босгоход спорт нэн тустай гэдэгт бат итгэж байсан энэ эмч эмчилгээндээ спортыг ихээхэн ашигладаг байжээ. Дэлхийн II дайны төгсгөлөөр Гуттман Сток-Мандевилийн эмнэлэгт тулгуурлан Нуруу нугасны гэмтлийг эмчлэх төв үүсгэн байгуулсан аж. Чухамхүү энэ төвдөө тэрбээр тэргэнцэртэй тамирчдын байт харвааны анхны тэмцээнийг 1948 онд зохион байгуулсан байна. Энэ тэмцээнд өмнө нь цэргийн алба хаагчид байсан, саажилттай 16 тамирчин оролцжээ.
Сток-мандевилийн энэ наадам нь хожим нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг болсон төдийгүй олон улсын хэмжээнд явагдах болж, оролцогчдын хүрээгээ ч тэлсэн байна.


Монголчууд өвлийн паралимпын наадамд оролцож эхэлсэн түүх
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага (ТББ) анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн Биеийн тамир спортын холбоо нэртэй байгуулагдсан. Харин 1995 оноос Монголын Паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо (ОУПХ)-ны гишүүнээр элсэн оржээ.
Өвлийн пара спортын төрлөөр гүйлтийн цанын тамирчид 2006 онд Итали улсын Турин хотноо болсон паралимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй. Канад улсад болсон “Ванкувер-2010” өвлийн паралимпын наадамд манай 2 тамирчин урилгаар оролцсон бол 2014 онд ОХУ-д зохион байгуулсан “Сочи-2014” Өвлийн паралимпын наадамд ДАШТ-ээс анх удаа манай цанын тамирчин Б.Ганболд паралимпын эрх авч, амжилттай оролцсон билээ.
БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд Б.Ганболд гүйлтийн цанын 3 зайд хурдаа сорьсон бөгөөд 1,5 км зайд уралдсан 35 орны тамирчдаас 14 дүгээр байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлсэн юм.
Өнөөгийн байдлаар, манай улсад пара спортын 16 спорт холбоо албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Одоогоос 10 жилийн өмнөөс Монголын паралимпын хороо шинэ бүтэц зохион байгуулалтад орж, 2017 оноос Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/ болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
Монгол Улсаас өрсөлдсөн тамирчдын тухай
Энэ удаагийн паралимпын наадамд Монгол Улсаас Бямбадоржийн Цэрэнпунцаг, Батмөнхийн Ганболд, Цэгмидийн Дашдорж нар оролцлоо.
Пара гүйлтийн цанын ОУХМ Б.Ганболд
Шигшээ багийн тамирчин Б.Ганболд нь Монголын пара гүйлтийн цанын хамгийн туршлагатай тамирчдын нэг бөгөөд олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож ирсэн тамирчин. Тэрбээр энэ удаад 4 дэх паралимпын наадамдаа эрхээ амжилттай авахын зэрэгцээ эх орноо төлөөлөн Италийн цасан замд уралдав.
“Сочи 2014” “Пёнчан 2018” “Бээжин 2022” зэрэг өвлийн паралимпын наадмуудад оролцож байсан туршлагатай. Түүний хувьд холын зайн уралдаанд тэсвэр тэвчээр, тогтвортой гүйцэтгэл гаргадаг гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаагийн наадамд гүйлтийн цанын спринт болон зайны төрлүүдэд өрсөлдлөө.


Уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Цэрэнпунцаг
ОУХМ Бямбадоржийн Цэрэнпунцаг хоёр дахь удаагаа өвлийн Паралимпын наадамд оролцлоо. Тэрбээр 3 дугаар сарын 13-ны өдөр Жиант Слаломын төрөлд, 3 дугаар сарын 15-ны өдөр Слаломын төрөлд өрсөлдсөн юм.
Дасгалжуулагчаар Уулын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Д.Очирсүх ажиллав.


Пара гүйлтийн цанын ОУХМ Ц.Дашдорж
Ц.Дашдорж нь Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Швед болон Норвеги улсад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан тамирчин юм. Тэрбээр Дэлхийн цомын 12.5 км-ын зайд 5-р байр, спринт зайд 13-р байр эзэлж, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцож байв.
Түүний хувьд паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн хоёр дахь удаагаа гүйлтийн цанын зайны төрлүүдэд өрсөлдлөө.
Амжилтууд:
- Швед улсад болсон Пара цанын дэлхийн цом: 12.5 км-ын зайд 5-р байр, 1.5 км-ын спринт зайд 13-р байр.
- Норвеги улсын Лиллехаммер хотод болсон Пара цанын ДАШТ: 20 км-ын зайд 10-р байр.
Пара гүйлтийн цанын Ц.Дашдорж нь Монголын паралимпын цанын спортыг төлөөлж буй тамирчин юм. Тэрбээр уулын цанын техник, хурд шаардсан төрлүүдэд бэлтгэл сургуулилтаа хийж, олон улсын тэмцээнүүдэд туршлага хуримтлуулсан. Милано–Кортинагийн наадамд тэрбээр слалом болон гигант слалом төрлүүдэд өрсөлдөж, Монголын паралипын цанын спортыг дэлхийн тавцанд таниулах зорилготой оролцож байна.
Гүйлтийн цанын баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог болон дасгалжуулагч А.Энхтуул нар удирдан ажилласан юм.


Паралимпын наадмын амжилтыг БНХАУ-ын баг тамирчид нийт 44 медальтайгаар тэргүүлэв
Медалийн үзүүлэлт:
- БНХАУ 15 алт, 13 мөнгө, 16 хүрэл нийт 44 медаль зүүсэн бол
- АНУ 13 алт, 5 мөнгө, 6 хрэл нийт 24 медаль
- ОХУ 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 12 медаль
- Итали 7 алт, 7 мөнгө, 2 хүрэл нийт 16 медаль
- Австри 7 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 13 медалийг зүүснээр медалийн чанараараа эхний 5-д бичигджээ.


Олон Улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлэхдээ: “Паралимп бол хөгжлийн бэрхшээлийн талаарх хүмүүсийн төсөөллийг өөрчлөх агуу үйл явдал. Хүмүүс бүгд өөр өөр байдаг. Бусдаас ялгарах чанар нь хүч чадал болохоос сул дорой байдал биш гэдгийг тэд ойлгоно” хэмээжээ.
2030 оны Өвлийн Паралимпын XV наадам Франц улсад болно. 2030 оны 3-р сарын 1-ээс 10-ны өдрүүдэд Францын Альпсын бүсэд тус наадам зохион байгуулагдахаар товлогдсон билээ.
4 жилийн дараа зохиогдох паралимпын наадам мөн ч хол байна даа…






