
П.Наранбаяр Боловсролын сайдаар томилогдож, 2024 оны долоодугаар сарын 10-нд Л.Энх-Амгалангаас тамга тэмдгээ ийн хүлээн авч байв. Харин өнөөдөр гардаж авсан тамгаа Л.Энх-Амгаланд буцааж өгөх дээрээ туллаа. Хөөрөг шиг л эд болж дээ, сайдын тамга тэмдэг гээч. 2028 оны УИХ-ын сонгууль хүртэл дахиад хэдэн Засаг солигдож, хэн, хэн сайдын суудалд суухын таашгүй. Лавтайяа Н.Учрал Ерөнхий сайд болж, Г.Занданшатараа Ерөнхийлөгчийн сонгуулийн гараа руу ойртуулна. Л.Энх-Амгалангийн тухайд 2021-2024 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтаж, Боловсрол,шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан. 2024 оны сонгуулийн дараа хамтарсан засаг бүрэлдэхэд Л.Оюун-Эрдэнэ боловсролын салбараа ХҮН-д намд өгснөөр П.Наранбаяр сайд болсон билээ. Угтаа бол тэр Л.Оюун-Эрдэнийн хүн. Ерөнхийлөгч Г.Занданшатараар дамжуулж, түүнд сайдын суудал ийн “бэлэглэж”, урвуулан авч буй нь энэ. Өнөөдөр түүнийг УИХ-д Боловсролын сайдаар танилцуулж, томилох процесс өрнөнө.
Ажлаа хүлээж аваад, юунаас эхлэхийг нь тодруулахад тэрбээр “Би хийсэн ажлаа хүмүүст дутуу ойлгуулсан юм билээ. Боловсролын сайдаар ажиллаж байхдаа Боловсролын багц хуулийг батлуулж, тогтолцооны зургаан том шинэчлэлийг эхлүүлсэн.
Тодруулан хэлбэл,
- Хөтөлбөрийн шинэчлэл
- Санхүүжилтийн тогтолцоо
- Үнэлгээний аргачлал
- Багш бэлтгэх
- Удирдлага менежмент
- Цахим шилжилт.
Харамсалтай нь сүүлийн хоёр жил энэ ажлууд саарах шиг боллоо. Ямар миний хийж чадахгүй ажил биш. Хийх ажлууд их байна.
Та бүхэн мэдэж байгаа бид сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан уу, халж чадсан. Одоо хотхоны бага сургуулийн асуудлуудыг үргэлжлүүлээд ярих ёстой. Хүүхэд бүхэн сургуультай, гэхдээ сургууль нь хамгийн сайн сургууль байх ёстой гэдэг энэ ажлуудаа үргэлжлүүлж хийнэ ээ” гэв.
Мөн тэрбээр “Ажлаа аваад, багш нарын цалингийн маргааныг сарын дотор шийднэ” хэмээн ам гараад амжсан юм.
Боловсролын сайдын боловсрол
- 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
- 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
- 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
- Англи, Орос хэлтэй.






