
Хэдхэн 10 жилийн өмнө польшчууд хүнсээ талоноор авч, Баруун Германы иргэдийн авдаг цалингийн 10 хувьд ч хүрэхгүй цалин хөлсөөр ажилладаг байсан бол өнөөдөр Польш улсын жилийн нийт үйлдвэрлэл 1 их наяд ам.долларыг давж, Швейцар улсыг ардаа орхиод байна.
Коммунист дэглэмийг унагасныхаа дараа Европын томоохон эдийн засаг болсон Польшийн түүхэн амжилтаас бусад улс орнууд жирийн иргэдийнхээ амьдралыг хэрхэн өөд татахыг суралцах боломжтой хэмээн олон улсын эдийн засагчид онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа энэ оны сүүлээр болох “Их-20”-ийн чуулга уулзалтад Польш улс оролцох ёстой гэж зүгээр ч нэг мэдэгдээгүй билээ. Олон Улсын Валютын Сангаас хийсэн судалгаагаар Польшид нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 онд 6730 ам.доллар байсан бол 2025 онд 55 340 ам.доллар болтлоо өсжээ. 2004 онд Европын холбоонд элссэнээс хойш Польш улсын эдийн засаг жилд дунджаар 3.8 хувиар өсөж байсан нь Европын бусад орнуудын дунджаас даруй 2 хувиар өндөр байжээ.
Варшав дахь Козьмины их сургуулийн багш Марцин Пятковски Польшийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь бизнес чөлөөтэй эрхлэх бат бөх суурийг богино хугацаанд тавьж өгсөн явдал байсан гэжээ. Үүнд хараат бус шүүх, шударга өрсөлдөөнийг дэмжих монополын эсрэг агентлаг, хатуу хяналт шалгалт зэрэг багтах ба эдгээр нь тус улсын эдийн засаг авлига хээл хахуулд баригдаж, олигархуудын гарт орохоос сэргийлж чаджээ.
Түүнээс гадна Польш улс Европын холбоонд элссэнээрээ тус холбооноос олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалт авч, нэгдсэн нэг том зах зээлд өрсөлдөх боломжтой болжээ.
Нөгөө талаас Варшав төрөлт буурч, хүн ам нь хурдацтай хөгширч, хөдөлмөрийн насны иргэдийн тоо цөөрсөөр байгаа асуудалтай тулаад байна. Тус улсад цалингийн дундаж хэмжээ Европын холбооны дунджаас бага хэдий ч жижиг дунд үйлдвэрүүд олноор нэмэгдсээр байгаа үзүүлэлттэй байна.
Албан ёсны эх сурвалж: AP News






