
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн бичсэн анхны ном болох “Хугарсан эрүүний шөл” номын нээлтийг хийлээ. Тэрбээр уг бүтээл нь 1980-1990-ээд оны үеийн залуус, нийгмийн шилжилтийн цаг үе, мөн сэтгүүлчээр ажиллаж байсан өөрийн амьдралын туршлагаас сэдэвлэн бичигдсэн тухай онцолсон юм.
Зохиолчийн хэлснээр, тухайн үеийн залуусын амьдрал амаргүй байсан “Би өөрөө эрүүний шөлөнд л өссөн. Би ч гэлтгүй манай үеийнхэн тэр чигтээ л тийм байсан. Ээж, аавын хайр хэдий байгаа ч нийгэм биднийг “эрүүний шөл” уухад хүргэдэг байлаа. Энэ ном ерөнхийдөө эрх чөлөөний тухай өгүүлнэ.” хэмээн ярилаа.

Мөн номын хавтасны талаар олон нийтийн зүгээс хуулбарласан гэх шүүмжлэл гарсан тухайд хамтран ажилласан байгууллагын зүгээс алдаа гаргасан, тухайн зураг нь олон нийтийн үйл ажиллагаанд ашиглагдаж байсан постер байсан гэдгийг ном гарахаас өмнө мэдсэн. Улмаар тухайн байгууллага түүнээс уучлал хүссэн бөгөөд ном хэвлэлд орохоос өмнө хавтсыг нь өөрчилж амжсан гэдгийг хэлэв.


Ч.Лодойсамбуу одоогоор өөр хоёр номын зохиол дээр ажиллаж байгаа аж. Үүний нэг нь “Улаан бал” нэртэй, тус нэвтрүүлгийн ард юу болдог, зочидтой холбоотой түүхүүдийг багтаах юм байна. Харин нөгөө бүтээл нь “Чингисийн хөшөөний ард юу болдог вэ?” нэртэй парламентад өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын ордонд өрнөдөг үйл явц, шийдвэр гаргалтын дотоод механизмын талаар өгүүлэхээр төлөвлөжээ.
Тэрбээр “Өөрийн гэсэн номтой болсон хүн номын баярт очно, номоо борлуулж асарт сууна” хэмээн хэлсэн юм.
М.Солонго






