
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага юм. Тус байгууллагаас өнөөдөр дараах мэдэгдлийг гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын ээлжит хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд улс төрийн нам, хүчин, бүлэглэл, фракцуудын үзэл бодлын зөрүүтэй байр суурь, эрх ашгийн зөрчилдөөн Төрийн ордонд ил тод өрнөж, тэдгээрийг олон нийтэд мэдээлж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагч, ажилтны мэргэжлийн нэр хүндийг илтэд хөндсөн нэр бүхий улстөрч, гишүүдийн зохисгүй үйлдлийг эсэргүүцэж байгаагаа МСНЭ мэдэгдэж байна.
Үүнд, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын сэтгүүлчдийг удаа дараалан гүтгэж буй мэдэгдэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын сэтгүүлч, редакцийн бие даасан байр суурь, хараат бус байдалд халдаж буй үйлдэл, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн сэтгүүлчийн асуултыг шүүн тохуурхаж, эд хэрэгслийг эвдэлсэн зэрэг явдлыг онцолж байгаа болно.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн редакцийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх зорилготой явуулга байж болох үйл явдлууд өрнөн www.tovch.mn сайтын сошиал платформ дахь албан ёсны хуудас тодорхойгүй шалтгаанаар хаагдсан зэрэг нь эргэлзээ төрүүлж байна.
Түүнчлэн сэтгүүлчид Эрүүгийн хуулиар хорих ял шийтгэсэн явдал нь улс төрийн хүрээнд урьдчилан тохиролцсон зүйл байсан гэх утга агуулгатай мэдээллийг нэр бүхий улстөрчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа мэдэгдэж байгаа явдалд ч зохих түвшний хариуцлагатай албан тушаалтнууд баримт түшиглэн тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа болно.
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид рүү буруутгалыг чиглүүлж харлуулах зориудын үйлдэл хийж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэн сарниулах гэсэн улс төрийн манипуляцийн шинж бүхий үйлдэл ч харагдах боллоо.
Редакцийн чөлөөт, хараат бус байр суурийг үл хүндэтгэх, үзэл бодлоор ялгаварлах, иргэний мэдэх эрхийн төлөөх сэтгүүлчийн асуултыг цензурдахыг төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдөд зөвшөөрөх боломжгүйг хатуу сануулж МСНЭ хэвлэлийн эрх чөлөөг тууштай хамгаалахаа мэдэгдэж байна.







