
-Н.Учралыг Ерөнхий сайд болгох акц-
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Х.Баттулгатайгаар, Н.Алтанхуяггүйгээр хаврын чуулган хөшгөө нээлээ. Хөшигний цаадах хуйвалдаанаас танд хуучилъя. Хаврын чуулган эхэлмэгц Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулна хэмээж байсан АН-ынхан төлөвлөгөөгөө өөрчилжээ. Тэд “Аль нэг намын дарга 126 гишүүнтэй парламентын даргаар ажиллаж болохгүй” хэмээгээд МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй байхаа мэдэгдлээ. Энэ бол Н.Учралыг дараагийн Ерөнхий сайд болгох тэдний акц. Тэдний ч гэж дээ, Г.Занданшатарын хүсэл. Тэд ийн цаг хожих гэж байна. УИХ-ын дарга Н.Учралыг явуулж, дараагийн УИХ-ын даргыг сонгох процесс өрнөсөөр хавар дуусах тал руугаа хандана. Тэгээд дараа нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулж, Н.Учралыг Ерөнхий сайд болгоно. Угтаа бол намынхаа дүрмээр Н.Учрал Ерөнхий сайд байх учиртай. МАН-ын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт бий. Г.Занданшатар хэсэг амраад, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэнэ.
Нөгөөтээгүүр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд буй Н.Алтанхуягийг хууль шүүхийн өмнө дахин, дахин дуудсаар байгаа. АН-ынхан эрх баригч нам хууль, шүүхийн байгууллагад нөлөөлж байна хэмээн хардаж буйгаа илэрхийлсээр буй. Харин энэ асуудал дээр АН-ын экс дарга Л.Гантөмөр Г.Занданшатартай тохиролцсон байх магадлалтай. Н.Алтанхуягийн нэр дэвших боломжийг нь хааж байгаад өөрөө нэр дэвшиж мэднэ.
-Ура, УИХ-ын даргын марафон-
За, Н.Учрал УИХ-ын даргын суудлаас буулаа гэхэд түүний орны хүнийг Ерөнхийлөгчийн талаас томилж таарна. С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг, Л.Энх-Амгалан нарт УИХ-ын дарга болох санаа бий. Тэдний нэг байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтээгүүр Ерөнхийлөгчийн дүү, МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр болох тун магадлалтай. Н.Учрал намын гишүүдээ У.Хүрэлсүхийн командаар ийн хайрцаглаж чадвал шүү дээ. Хэрэв Засгийн газрын гишүүн УИХ-ын дарга болбол түүний орны сайдыг бас л томилно. Ер нь бол хаврын улс төрд халаа, сэлээ үргэлжилнэ. Холион бантан гээч л болно. Сандал, суудлын төлөөх тэмцэл нь дуусаагүй, үргэлжилнэ.
-Хоолонд орох дараагийн ээлжийнхэн-
П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Одоо тэдний оронд хэн сайд болох вэ гэдэг асуулт. Таавар таая л даа. Д.Үүрийнтуяагаа Боловсролын сайдаар “шагнах” нигууртай. Үгүй бол салбараа сайн мэддэг хэмээгээд Л.Энх-Амгаланг эсвээс Г.Занданшатарын хүн болох Б.Хэрлэн ч байж болох юм. Бүр эсвэл “Шинэ Монгол”-ын П.Наранбаярыг, “Шинэ Монгол”-ын Ж.Галбадрахаар солих ч нигууртай. Гэхдээ ХҮН нам хамтарсан засагт байгаа, “Манайх Боловсролын яамаа хариуцна аа” гээд зүтгэвэл Б.Найдалаадаа сайдын суудал бэлэглэх биз ээ.
За, харин Эрчим хүчний яам дээр оччих хүн тун хэцүүхэн. Галтай ч салбар. Салбараа мэддэг гэвэл М.Энхцэцэг арай дөнгүүр нь. Гэвч түүний хувьд жагсаалтаар сонгогдсон, Л.Оюун-Эрдэнийн хүн гэдэг утгаараа жийгдэж магад. Ямартай ч дараагийн ээлжид хоолонд орж магад хүмүүсийг нэрлэхэд ийм байна.
-Нохой эзнээ барьдаггүй-
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжих, эс дэмжих агуулга дээр гишүүд байр сууриа илэрхийлсээр. “Үндэсний Эвсэл”-ийн Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд гар хүрнэ гэдгээ чуулган нээсэн өдөр мэдэгдээд амжив. УИХ-ын гишүүдээс нэхээд буй ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрхэм Ерөнхийлөгчөөс ч бас нэхэх нь ээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг нь УИХ-ын дарга Н.Учралыг дэмжиж, манлайлна гэж итгэж буйгаа илэрхийлэв. Ёстой “майлна” биз. Нохой эзнээ барьдаггүй шүү дээ, Н.Номтойбаяр минь.






