
ИЗНН-ынхан намын дарга Б.Батбаатараа АТГ-т шалгуулахаар хандлаа
Хоёр сарын хугацаанд сайдын гадаад томилолтын талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан.Б.Батбаатар сайд 52 хоногийн дотор хоёр тэрбум төгрөгөөр гадагшаа томилолтод явсан. Бразил улсад танилцуулах материалд 60 сая төгрөг, хоёр талын уулзалтыг зохион байгуулахад 70 сая төгрөг, 10 сая төгрөгөөр 6 ширхэг видео шторк хийлгэсэн. Кени улсад 15 сая төгрөгөөр дахиад тавыг хийлгэсэн, нэг сая төгрөгөөр 20 удаа павильон түрээсэлсэн, 35 сая төгрөгөөр танилцуулах материал хийлгэсэн. Панам улсад 10 сая төгрөгөөр 6 удаа, арга хэмжээ зохион байгуулахад 40 сая төгрөг, танилцуулах материал 30 сая төгрөгөөр хийлгэснийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Мөн парламентад суудалтай намуудад төрөөс санхүүжилт өгдөг. ИЗНН-д 455 сая төгрөгийг тавдугаар сард өгсөн. Долоодугаар сард намын Их хурал болоход төрөөс мөнгө орж ирээгүй гээд тайлан тавиад сууж байсан. Төрөөс өгдөг бүх санхүүжилт зориулалттай байдаг. Гэтэл хагас жилийн тайлан дээрээ 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгсөн байна. Намын татвар 200 сая төгрөг, төрөөс өгсөн 400 сая төгрөгөөс бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгчихсөн байна. Дээрээс нь банкнаас 132 сая төгрөг зээлсэн. ИЗНН-д банкны барьцаанд тавих хөрөнгө байхгүй, түрээсийн байранд байдаг. Банкны зээл төлсөн гээд 287 сая төгрөг гаргачихсан. Энэ эргэлзээтэй байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. ИЗНН-ын дүрмийг Дээд шүүхээс дөрвөн удаа буцаасан. Шинэчилсэн хуулиар намын даргын сонгуулийг явуулаад Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой, гэтэл дахиж хурал хийгээгүй гэдэг нь намын дарга байхгүй гэсэн үг. Одоо бид онц Их хурал зарлахаас өөр аргагүй. Манай нам парламентад тасралтгүй 16 жил суудалтай байсан.






