
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Испани улс өөрийн зэвсэгт хүчний баазуудаа АНУ-ын Иранд явуулж буй ажиллагаанд ашиглуулахаас татгалзсантай холбоотойгоор Вашингтон Мадридтай худалдааны харилцаагаа бүрэн таслахаар төлөвлөсөн тухай мэдэгджээ.
ХБНГУ-ын канцлер Фридрих Мерцтэй хийсэн уулзалтынхаа үеэр АНУ, Израилын Иранд явуулж буй цэргийн ажиллагаанд Европын улс орнуудын оролцоо ямар байсан талаар ярихдаа Ерөнхийлөгч Д.Трамп зарим орнууд АНУ-д тусалсныг онцолж, харин НАТО-гийн гишүүн Испани улс “аймшигтай” байсан гэжээ. Тэрээр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентэд тэр даруй Испанитай худалдааны бүх харилцаагаа таслахыг үүрэг болгосноо дурджээ.
Д.Трампын онцолсноор Мадрид батлан хамгаалахын салбарын төсвөө ДНБ-ий 5 хувьд хүргэхээс татгалзсан НАТО-гийн цорын ганц улс аж.
Д.Трамп АНУ Испанийн цэргийн баазуудыг ашиглахыг хүссэн бол америкчууд Испанийн эрх баригчид зөвшөөрөх эсэхийг үл тоох боломжтой байсан ч Вашингтон тэгэхийг хүсээгүй гэжээ.
Испанийн засгийн газар АНУ-д олон улсын хууль журам, Европын холбоотой байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээрээ дагахыг уриалахын зэрэгцээ Испанид АНУ-ын худалдааны хоригийг давж гарах шаардлагатай нөөц бололцоо байгаа тухай мэдэгджээ.АНУ, Испани хоёр Испанийн өмнөд хэсэгт Морон болон Ротад байрлах цэргийн баазуудыг хамтран ашигладаг ба Испанийн эрх баригчид тэдгээр баазуудыг Иранд цохилт үзүүлэхэд ашиглахгүй гэж мэдэгдсэн аж. Мадридын уг мэдэгдлийн дараа АНУ-ын байлдааны онгоцнууд ХБНГУ дахь цэргийн баазууд руу нисэхэд хүрчээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Д.Трамп АНУ, Израилын цэргийн ажиллагаанд Их Британи улс туслаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Их Британийн хувьд Фэрфорд, Глостершир болон Диего Гарсия арал дээрх цэргийн баазуудаа АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагаанд ашиглуулахыг зөвшөөрөөгүй ба тус улсын Ерөнхий сайд Кир Стармер дээрх шийдвэрээ талууд тулгараад буй асуудлаа дипломат замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж буйтай холбон тайлбарлажээ.






