
Microsoft компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс Gates Foundation ашгийн бус байгууллагынхаа ажилтнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр экс эхнэр Мелинда Френчтэйгээ амьдарч байх хугацаандаа хоёр ч удаа гэр бүлээс гадуурх харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Түүний ярьснаар түүнтэй дотно харилцаанд орсон хоёр орос эмэгтэй нь бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй ямар ч холбоо хамааралгүй эмэгтэйчүүд бөгөөд нэг нь бриж хөзрийн тэмцээний үеэр танилцсан тоглогч байсан бол нөгөө нь ажлын шугамаар танилцсан цөмийн физикч бүсгүй байсан гэжээ.
Түүнчлэн Билл Гейтс 2011-2014 онуудад Ж.Эпштейнтэй холбоотой байснаа хүлээн зөвшөөрч, 2014 оноос Ж.Эпштейнтэй харилцахаа больсон гэжээ. Тэрээр Ж.Эпштейны арал дээр очиж байгаагүй, Э.Эпштейны хохирогч охид бүсгүйчүүдтэй таарч байгаагүй, мөн Э.Эпштейны хууль бус, гэмт үйлдлүүдийн талаар юу ч мэддэггүй байсан тухайгаа онцолж, Ж.Эпштейнтэй найз нөхдийн холбоотой байсныгаа маш том алдаа хэмээн тодорхойлжээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Ж.Эпштейны файлуудад Билл Гейтсийн нэр нэг бус удаа дурдагдсан ба тэдгээрийн дотор Билл Гейтсийг орос бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орж, БЗХӨ туссан тухай бичсэн баримтууд нь олны анхаарлыг татаж, шуугиан тариад байгаа билээ.
Б.Гейтс 2021 онд Мелинда Френчээс салсан ба Мелинда Френч Ж.Эпштейны файлууд ил болсноор түүний Билл Гейтстэй амьдарч байх үеийнх нь хамгийн хүнд дурсамжууд дахин сэргэсэн хэмээн, дээрх бүх хэрэг явдалд холбоотой хүмүүс тэр дундаа экс нөхөр нь хариуцлага хүлээж, асуугдах ёстой хэмээн мэдэгдсэн билээ.






