
Их Британи, Канад, Дани улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар эр бэлгийн эсийн хөдөлгөөн буюу үр тогтоох чадвар зуны улиралд хамгийн өндөр, өвлийн улиралд хамгийн бага байдаг нь тогтоогджээ.
Эрдэмтэд Дани болон АНУ-ын Флорида мужид амьдардаг 18-45 насны 15 581 эрэгтэйн үрийн шингэнийг шинжилсний үндсэн дээр эр бэлгийн эсийн хөдөлгөөн 6 болон 7-р сард хамгийн хурдан байгааг тогтоосон байна.
Эр бэлгийн эсийн хөдөлгөөн улирал хамаарч өөрчлөгддөг байдлыг тогтоосон нь үргүйдлийн эмчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой аж.
Reproductive Biology and Endocrinology сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгаанаас харвал эр бэлгийн эсийн хөдөлгөөн уур амьсгалаас бус улирлаас хамаарч өөрчлөгддөг болох нь тодорхой байна. Флорида мужийн цаг агаар жилийн турш дулаан байдаг хэдий ч тус мужид амьдардаг эрчүүдийн эр бэлгийн эсийн хөдөлгөөн өөр уур амьсгалтай газар амьдардаг эрчүүдийнхтэй адил 12 болон 1-р сард хамгийн удаан байгаа нь тогтоогджээ.
Нөгөө талаас улирал солигдох нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд нөлөөлдөг ч тоонд нь нөлөөлдөггүй аж.






