
Их Британийн Кино ба Телевизийн урлагийн академиас жил бүр зохион байгуулдаг BAFTA Awards шагнал гардуулах 79 дэх удаагийн ёслол Лондон хотын Southbank Center цогцолборын Royal Festival Hall танхимд өнгөрсөн ням гарагт болж өнгөрчээ.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Пол Томас Андерсоны “One Battle After Another” кино нийт 14 төрөлд, Райан Куглерын “Sinners” 13 төрөлд, Клои Жаогийн “Хамнет”, Жош Сафдигийн “Marty Supreme” тус бүр 11 төрөлд нэр дэвшсэнээс “One Battle After Another” Шилдэг кино, Шилдэг найруулагч, Шилдэг сэдэвлэсэн зохиол, Шилдэг зураглал, Шилдэг эвлүүлэг, Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртжээ.
Райан Куглерын “Sinners” Шилдэг эх зохиол, Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин, Шилдэг хөгжим гэсэн 3 төрөлд шилдгээр шалгарч, Райан Куглер BAFTA Awards-н түүхэнд Шилдэг кино зохиолын төрөлд ялалт байгуулсан анхны хар арьст уран бүтээлч болжээ.
Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин болон Өсөж яваа од шагналыг Туреттын хам шинжийг олон нийтэд таниулах үйлсэд амьдралаа зориулсан Жон Дэвидсоны бодит амьдралаас сэдэвлэсэн “I Swear” кинонд бүтээсэн дүрээрээ Роберт Арамаёо хүртсэн бол Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд “Хамнет” кинонд У.Шекспирын гэргийн дүрийг бүтээсэн Жесси Бакли хүртжээ.
“Mr.Nobody Against Putin” Шилдэг баримтат кино, “Sentimental Value” Гадаад хэл дээрх Шилдэг кино, “Boong” Шилдэг Хүүхдийн болон Гэр бүлийн кино, “Zootopia 2” Шилдэг хүүхэлдэйн киногоор тус бүр тодорчээ.
BAFTAs болон ирэх ням гарагт болох Actor Awards нь Оскарын шагнал гардуулах ёслолоос өмнө болдог ба эдгээр арга хэмжээнүүдээс шагнал хүртсэн уран бүтээлүүд нь ирэх 3-р сард болох Оскарын шагнал гардуулах ёслолоос шагнал хүртэх өндөр магадлалтайд тооцогддог юм.






