
Токио хотын зүрхэн хэсэгт орших галт тэрэгний их урсгал, олон сая хүний хөл хөдөлгөөн дунд нэгэн монгол залуугийн түүх үргэлжилсээр. Тэр бол Японы мэргэжлийн сүмогийн дээд цол болох ёкозүна хүртэл дэвшиж, Монгол хүний хүч бяр, ухаан, тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон бөх Хоошёорюү С.Бямбасүрэн.
Түүний замнал бол зөвхөн спортын амжилтын тухай түүх биш. Энэ бол 15 настай хүүгийн харь орныг зорьж, өндөр сахилга бат, дэг жаяг, ёс уламжлалтай спортын бэлтгэл, гэрээ санан шаналж, шантрах мөч бүрийг даван туулж Японы сүмогийн оргилд хүрсэн бодит амьдралын түүх юм.
Түүнийг Монголчууд бид Д.Долгорсүрэн зааны ач хүү, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж аваргын авга дүү гэдгээр нь сайн мэдэх билээ. Монголын бөхийн удам, түүний цусанд байсан ч Японы мэргэжлийн сүмо бол огт өөр ертөнц.
Тэнд зөвхөн бяр биш, сахилга бат, дэг журам, хүлцэл тэвчээр, ёс заншил гээд бүхэл бүтэн соёл бий. Гэхдээ өмнө нь энэ замыг зассан их аваргууд байсан Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж. Тэдний амжилт Монгол бөхчүүдийн шинэ үеийг зоригжуулсан. Хоошёорюү бол энэ түүхийн дараагийн бүлэг.
“Сүмод хожуу орлоо гэж Д.Дагвадорж ахдаа зэмлүүлж байв”

-Та анх Японд ирэхдээ ёкозүна болно гэж зорьж ирсэн үү, ямар мөрөөдөл тээж ирж байв?
-Яг үнэнийг хэлэхэд үгүй. Би 15 настай сурах гэж л ирж байсан. Сүмо барилдана гэж бодоогүй. Харин сурч байхдаа дэвжээнд гарах хүсэл төрөөд, барилдмаар санагдаад, сургуулийнхаа сүмогийн клубт орж байв. Тэгээд л энэ замыг сонгоод одоог хүртэл явж байна даа.


Таныг барилдах шийдвэр гаргахад Д.Дагвадорж аварга яаж хүлээж авч байв?
– Би эхлээд загнуулсан шүү дээ. Намайг анх Япон явахад сүмо барилдах уу гэж асууж байсан юм. Тэр үед би барилдахгүй гэж байгаад, энд ирээд шийдвэрээ өөрчилсөнд эхлээд ёстой зад загнуулсан даа. Хугацаа алдлаа л гэж тэр байх.
Таныг Д.Дагвадорж аваргатай их адилхан гэж хүмүүс хэлдэг үү?
– Би өөрөө ч нэг удаа толинд өөрийгөө хараад цочиж байсан юм шүү дээ.
-Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү болохоор та хоёрыг сүмо сонирхогчид их харьцуулдаг байх?
– Тэгдэг шүү. Анх мэргэжлийн сүмод хөл тавьж байх үед үргэлж харьцуулагдаад хэцүү байдаг байсан.
Миний нэрний өмнө Дагваа ахын нэр байнга явдаг болохоор хоёр хүний нэр хүндийг авч явж байгаа юм шиг л байсан даа.
-Сүмогийн дэвжээгээ анх өөрсдөө сонгож ордог уу?
– Япон бөхчүүд л дэвжээгээ сонгож орох эрхтэй. Бидэн шиг гадаад бөхчүүдэд дэвжээ сонгох боломж байхгүй. Намайг авъя гэсэн дэвжээндээ л ордог доо. Сүүлийн үед Мэргэжлийн сүмод гадаад хүн авах нь багасаж, нэг дэвжээнд нэг л гадаад бөх байна гэдэг хатуу тоо заадаг болсон. Гадаад хүн авахгүй гэдэг дэвжээ ч бас байна.


– Цаг нөхцөөх гэж байгаа хүмүүс ч бас байдаг. Багшийн хэлснийг л хийчхээд л байж байдаг. Багш нь хий гэж хэлээгүй байхад дасгалаа хийгээд байна гэдэг давуу чанар: Харүмафүжи Бямбадорж ах намайг сүмод дөнгөж орж байхад ч мөн энэ үгийг хэлж байсан. Хүнээс хоёр, гурав дахин илүү бэлтгэл хийж байж хүчтэй болдог юм шүү гээд.
Бид өдөр болгон өглөө долоон цагаас 11:30 хүртэл бэлтгэл хийдэг. Сүмогийн үндсэн гурван дасгал болох суулт, хөлөө өргөх дасгал, мөн суулттай чигээр урагшаагаа явах дасгал хийнэ. Сүмогийн гол мэх болох депо буюу өрсөлдөгчөө хоёр гараараа түлхэх дасгалыг би өдөрт 500-1000 удаа цохиж хийдэг.
“Ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон тэвчээртэйгээр сөрж босно” гэдэг энэ үгийг би хэлэх дуртай. Аварга болчхоод ёслол дээрээ уншиж байсан энэ үг маань манай дэвжээний ханан дээр ингээд өлгөөтэй байдаг юм.


– Зүгээр байж байгаад гавьяат болчихсон зүйл бол биш гэж боддог. Бид нар үе үеийн сүмоч ах нарынхаа замчилсан замаар явж байгаа ч үүнээс цааш сүмо барилдах дүү нартаа ч үлгэр дуурайлал болох ёстой.
Жилийн зургаан башё 90 хоног зурагтаар гарч байгаа тэр барилдаан дээр бэлтгэл дээрээ хийсэн бүх юмаа гаргаж, үзүүдэг. Тэр их бэлтгэл, хөдөлмөрийн үнэ цэн гэж ойлгож болно. Тийм амархан байгаагүй.
“Алаан байсан” гэдэг үг байдаг шүү дээ. Тэр үгийг би сүмогийн амьдралд орж ирээд л ойлгосон.
Сүмогийн дэвжээний дугуй тойрог доторх өрсөлдөгч чинь чиний найз байна уу, багш байна уу хамаагүй чиний дайсан л гэсэн үг “ална” л гэж дайр гэж бэлтгэл дээр хурцалдаг байсан. Бэлтгэл байлаа ч зүгээр нэг нүд хариулж барилдана гэж байхгүй, хөлс, цус, нулимсаа гаргаж, жинхэнэ “амь тавьж” барилддаг.
Бүх доод зиндааны бөхчүүд дэвжээгээ цэвэрлэнэ, хоол хийнэ, том цолтой бөхчүүдийнхээ нурууг угаана.
Хэрвээ чи ийм ажил хиймээргүй байгаа бол хурдан цолтой бөх бол гэж дэвжээний маань нэг бөх надад хэлж байсан нь намайг хурцалж байв. Би анх орж ирээд 00 их угаадаг байсан шүү дээ. За би хурдан цолтой болохгүй бол ингээд 00 угаагаад байх юм байна гээд хичээсэн дээ.
Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл байдаг…


–Таны хувьд богино хугацаанд цолонд хүрч, Ёкозуна болж чадсан. Хурдан байх тусмаа тэр хэрээрээ шантармаар хэцүү үе олон байсан байх?
-Үнэнийг хэлэхэд шантарч байсан үе байдаг. Хамгийн их шантраадаг зүйл бол бэртэл, гэмтэл. Ер нь спортын хүнд хамгийн том дайсан нь бэртэл байдаг даа. Ялангуяа сүмод тэр хатуу дэвжээнээс доошоо хүнд жингээр унадаг учраас бэртэх нь амархан.
Бэртэл гэмтлээс холуур байя гэж хичээнэ. Юм бодсоноор болдоггүй. Тэгэхэд манай багш надад хэлж байсан юм. Бэртлээ найзыгаа болго, дайсан биш найз гэж бодоод хамт хичээгээд үз дээ гээд.
Гэхдээ шантарч байсан ч больё гэж бодож байгаагүй ээ. Жоохондоо ирээд, шахуу бэлтгэлийн үед шантарч байсан ч би ингээд хаяад буцаж болохгүй л гэж боддог байсан.
Сая аварга цол авснаас хойш бэртлээс болоод хоёр тэмцээн өнжсөн. Тэр үедээ би сүмо үзэж чадаагүй.
Үзэхээр барилдмаар санагдаад, гэмшил төрөөд ч байгаа юм болооод. Тэгж байхад сошиал дээр бол биднийг шүүмжлээд “ална шүү дээ”.
Шантармаар үедээ ээж рүүгээ ярина, гэр бүлтэйгээ яриад цэнэг авчихдаг даа.
-“Сошиал ална” гэснээс башё дуусаад одоо хэдхэн хонож байна. Таныг түрүүлнэ, цом өргөнө гэсэн найдлага байсан байх? Украйны сүмоч цом өргөлөө. Та хоёр хэд хэдэн удаа учраа таарч байсан. Бэлтгэл дээр бол та илүүрхдэг юм байна лээ шүү дээ?
-Би одоо ингэж хэлэхээр өөрийгөө өмөөрсөн л болох байх даа. Яг үнэнийг хэлэхэд Аонишики бид хоёр анх удаа сая нэгдүгээр сарын тэмцээний өмнө анх удаа хоорондоо бэлтгэл хийж үзлээ. Надтай ер нь л бэлтгэл хийдэггүй. Хүчний бэлтгэл хийгээд л зогсчихдог, сүмогийн бэлтгэлээ тэмцээний өмнө 14 хоногт хийдэг юм билээ. Тэгээд сая өнгөрсөн сарын тэмцээний өмнө сүмогийн ордонд бүх том бөхчүүдийг цуглуулж байгаад Ёкозүна зөвлөлийн урд бид хоёр бэлтгэл хийсэн юм. Анх удаа бэлтгэл хийж байгаа болохоор учрыг нь олохгүй байж байгаад, олсон. 10 барилдаад би долоо давсан.


-Япончууд сүмогийн аваргаа яагаад бурхантай ойрхон гэж үздэг вэ гэхээр аварга хүнийг зүүдэг цуна гээд цагаан бүсийг зөвхөн бурхнаас өөр аварга хүн л зүүдэг болохоор тэгж хүндэтгэдэг. Энд аварга цолтой бөхөд дөнгөж төрсөн нярай хүүхдээ авч ирж, тэврүүлж домнодог гээд ер нь бөхчүүдээ их хүндэлдэг.


– Сүмод байгаа Монгол бөхчүүд зорилготой байдгаараа “өөр”. Би үүнийг хийхгүй л болохгүй, хүчтэй л байхаас гарцгүй, бидний нуруун дээр Монгол гэдэг нэр явж байгаа бодож гэж хичээдэг.


-Таны авга ах Д.Сумъяабазар аварга хэдийгээр үндэсний бөхөөр барилддаг ч гэсэн бас аварга л хүн шүү дээ. Д.Сумъяабазар ах нь танд юу хэлж зөвлөдөг вэ?
-Д.Сумьяа ах надад тамирчин хүний сэтгэл зүйг их зөвлөдөг. Аварга хүн сэтгэл зүйгээ хэр удирдах талаар.
Та тэгээд дагаж, хэрэгжүүлж чадаж байна уу?
– Ер нь их хичээж, оролдоод л байдаг. Чи бол чи. Чи өөрийнхөө барилдааныг өөрөө л мэднэ, өөр хүн чиний барилдааныг заана гэж байхгүй шүү гэдэг юм.
Сэтгэлзүйгээ удирдаж, тогтвортой байлгах нь аварга хүний чухал чадвар юм билээ
-Бусад бөхийн спортын тэмцээн бол жилдээ цөөхөн товлогдож, тэмцээний үргэлжлэх хугацаа ч цөөн хоног байдаг. Гэтэл сүмо бол сар сарын зайтай тасралтгүй барилдана. Нэг башёгийн үргэжлэх хугацаа 15 хоног гэхээр 15 хоног хүчтэй сэтгэлзүйтэй, өндөр дарамт дор өдөр бүр давах ёстой болдог байх?
-Башё 15 хоног зургаан сар гэхээр 90 хоног тэмцээн үргэлжилдэг. Тэгээд тойргийн барилдаан гээд өөр өөр хотууд руу тойроод явна. Анх маргааш яана даа гэж л их боддог байсан даа. 15 хоногийн тэмцээнээ дуусгаад ахиад л тойроод явах болно. Сэтгэлзүйгээ бэлдэхийн тулд тэмцээний үеэр сошиал огт ордоггүй. Үзэгч, дэмжигчдийн сэтгэгдэл уншихгүй байхыг хичээдэг.
Үе үеийн аваргуудын ярьж байгааг сонсохоор их хэцүү юм ярьдаг байсан. Өөрөө аварга болоод л тэр ярьдаг зүйлүүдийг нь ойлгосон доо. Аварга хүний сэтгэл зүй гэдэг маш чанга хатуу, тогтвортой байх ёстой юм байна лээ. Би аварга болчхоод эхний хэдэн сар өөрийгөө тогтвортой байлгаж чадаагүй. Тэрийг давах нь чухал юм билээ.


–Сая биднийг багштай нь уулзахад багш нь “Анх би хараад л Озэки буюу арслан цолтой лав болчих юм байна аа” гэж харж байсан гэж байна. Монголчууд морь бөхийг ер нь хараад шинждэг шиг таныг хараад л мэдсэн юм байх даа?
-Би өөрийгөө шинжүүлж байна ч гэдгээ ч мэдээгүй. Гэхдээ анх багштайгаа уулзахад багшаасаа жоохон эмээж байсан шүү. Дээрээс доош нь нарийн харж байсан. Багшийгаа сүмогийн багш ч гэж мэдээгүй. Анх уулзсан өдрөөс хойш багш байнга манай сургууль дээр ирж, бөхчүүд авч ирж надтай бэлтгэл хийлгэдэг байсан.
-Сая нэвтрүүлгийн үеэр багшдаа санаандгүй амлалт өгчихлөө шүү дээ?
-Аварга цол авснаас хойш түрүүлээгүй байгаа болохоор одоо түрүүлэх зорилго л тавьсан байна. Бэртэл гэмтэлгүй байхад л болох байх даа.


-Монголынхоо агаарыг, зуныг их санадаг. Эх орны маань зун ч гоё шүү дээ. Зуны тэнгэр хараад, од ширтэх сайхан. Японд тэгж од харагдана гэж байхгүй. Айраг уугаад л, морь унаад л давхиж байх шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хүүхэд байхдаа зуны гурван сар хөдөө л явчихдаг байсан.


Таныг Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаагийн дунд хүү гэдгээр нь илүү мэддэг. Таны ээжийн тал мөн л их хөдөлмөрч, гурван гавьяаттай гэр бүл байдаг юм билээ. Гэр бүлийнхээ тухай яриач?
-Манай аав өвөөгийн том хүү Д.Сугаррагчаа гэж даруухан хүн бий. Ах нарыг ид барилдаж байхад далд л байдаг байсан даа. Аав ээж хоёр минь өөрсдийн ажлаа хийгээд л чимээгүй амьдардаг хүмүүс. Аавын талынхан маань дөрвөн хүү, нэг охин гэсэн хүйсийн харьцаа давхацсан байдаг. Өвөө эмээ хоёр маань Д.Сугаррагчаа, Д.Сумъяабазар, Д.Сэржбүдэ, Д.Дагвадорж, Д.Ичинноров гээд дөрвөн хүү, нэг охинтой.
Тэгсэн ач нар нь мөн яг ийм давхацлаар төрсөн байдаг.
Манай ээжийн тал Төв аймгийн Жаргалант сумынх. Газар тариалан эрхэлж Хөдөлмөрийн баатар, гавьяаттай гэр бүл. Ээж минь барилгын дотоод засал хийдэг мэргэжилтэй. Хүүхэд байхад ээж минь гэрийнхээ бүх заслыг өөрөө хийчихдэг, ойрхон ойрхон обойгоо сольчихдог хүн байсан даа.
-Баярлалаа танд.
-Баярлалаа нийт монголчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье.






