
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д гишүүнээр элссэн улс орнууд Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, бүс нутгийн сэргээн босголтод 5 тэрбум гаруй ам.доллар хандивлахаар болсон талаар Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ бичжээ. Түүний мэдэгдсэнээр ирэх пүрэв гарагт Вашингтон дахь Доналд Трампын нэрэмжит Энх тайвны институтэд болох арга хэмжээний үеэр “Энхийн зөвлөл”-ийн гишүүд Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламж болон бүс нутгийн сэргээн босголтод 5 тэрбум гаруй ам.доллар хандивлаж, Газын зурваст тогтвортой байдлыг хангаж, орон нутгийн цагдаа нарт Газын зурвасын аюулгүй байдал, энх тайвныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олон мянган цэргүүдээ илгээхээ албан ёсоор зарлана гэжээ. Улс орнууд тус бүр хэдэн ам.долларын хандив өргөх нь тодорхойгүй байгаа ч Д.Трамп “Энхийн зөвлөл” нь түүхэн дэх хамгийн онцгой олон улсын байгууллага болох болно хэмээн, тус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг гэжээ. Д.Трампын Газын зурваст энхийг тогтоох төлөвлөгөөнд “Энхийн зөвлөл” нь Газын зурвасыг удирдах байгууллага гэж заасан байгаа ч Ерөнхийлөгч Д.Трамп “Энхийн зөвлөл”-ийг илүү өргөн чиг үүрэгтэй олон улсын шинэ байгууллага болгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн сарын 22-нд Давост болсон Дэлхийн Эдийн засгийн форум дээр Ерөнхийлөгч Д.Трамп “Энхийн зөвлөл”-ийн тунхаг бичигт гарын үсгээ зурж, тус зөвлөлийн тэргүүнээр өөрийгөө томилсон билээ. Түүний хэлснээр тус зөвлөлд байнгын гишүүнээр элсэхийг хүссэн орнууд тус бүр 1 тэрбум ам.долларын хандив өргөх ёстой аж.
“Энхийн зөвлөл”-д голчлон Ойрх Дорнодын болон Өмнөд Америкийн орнууд элсээд байгаа ба Европын орнуудаас Унгар, Болгар, Турк улсууд, Азиас Монгол, Индонез, Казахстан зэрэг орнууд тус зөвлөлийн анхны гишүүд болжээ






