
Үндэсний өв соёл, бахархал, омогшил тээж, Монгол эх оронд төрсөндөө баярлан их сайхан хувь заяандаа билэгшээдэг. Тийм ээ, Монголчууд бид дэлхийн бусад улс орноос өвөрмөц, онцгой “Ондоошил”-оороо бахархдаг. Үндэсний өв соёл, дахин давтагдашгүй онцлогийг үеийн үед тээж яваа улс бол Үндэсний спортынхон тэр дотроо Бөхчүүд юм.
Одоо цаг үед эрэгтэй, эмэгтэйгүй Үндэсний бөхийн барилдааныг үзэж, эн зэрэгцэн бөхийн таамаг дэвшүүлэн, уран барилдааныг гайхан биширсээр…
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн шинэ дугаараа бэлтгэлээ. Энэ удаад нэвтрүүлгийнхээ хоймортоо Үндэсний бөхийн төлөөлөл болсон, ингэхдээ “Нэгдэл” клубын бөхчүүдийг хүндэт зочноор урин ярилцлаа.

Зочдыг танилцуулъя:
- Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Нэгдэл” кулбын бөх, Монгол Улсын Заан Доржхандын Хүдэрбулга
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Нэгдэл” кулбын бөх, Монгол Улсын Харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
- Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Нэгдэл” кулбын бөх, Монгол Улсын Харцага Шархүүгийн Пүрэвгарьд
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Нэгдэл” кулбын бөх, Аймгийн арслан Чинбатын Алтангэрэл нарыг урьсан юм.
Хүн бүр спортын төдийгөөс өдий хүртэл унаж, босож ирсэн байдаг бөгөөд он цагийн уртад амжилт, ялалт, баяр хөөр ээлжлэн байсаар ирсэн дурсамжаа хуваалцлаа.
-Сайн байцгаана уу? Та бүхэнд айлчлан ирж буй Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.


Монгол Улсын Заан Д.Хүдэрбулга: “Нэгдэл” клубт элсэн орсны дараа жил нь Улсын Заан цол хүртсэндээ бэлгэшээж явдаг даа
2023 оны Сар шинийн барилдаан сэтгэлд хамгийн тод үлдчихсэн, санаанаас ер гардаггүй юм


-Сар шинийн хамгийн дурсамжтай, бас сэтгэлд тод үлдсэн барилдаан бол 2023 оны сар шинийн барилдаан сэтгэлд их тодхон үлдсэн, маш гоё барилдаан гэж боддог. Тэр жил Улсын Начин цолтой байж байгаад сар шинийн барилдаанд хамгийн өндөр амжилт гаргасан нь шөвгийн 8-д үлдэж байсан юм. Тэр л барилдаан маань санаанаас гардаггүй их сайхан барилдаан.
Тухайн үед олон сайхан хүчтэнүүдтэй таараад, даваад л шөвгийн 8-д үлдэж байсан тэр үе их сайхан тодхон санагддаг.
“Нэгдэл” клубтээ элсэн орсны дараа жил нь Монгол Улсын Заан цол хүртсэнд билэгшээдэг
-2023 оны намар 9 сард “Нэгдэл” клубт тамирчнаар орж байсан. Тэгээд тухайн үед манай Улсын Начин Ө.Батзул талийгаач дүү маань анх санал тавиад, клубын захирал Б.Батзориг ахтай очиж уулзаад, клубтээ ороод, дараа жил нь 2024 онд Монгол Улсын Заан хэмээх цол хүртээд сайхан амжилт гаргаж байсан.
Манай клубт нутаг нутгийн хүчтэнүүд байдаг. Нэг нутгаас олуулаа биш улс, сумын мөн аймгийн цолтой бөхчүүд бий.
Нутаг нутгийн залуучууд ингээд нэгэн дээвэр дор чуулсан нь бид бас их онцлог. Тэгээд жил болгон Улсын Начин, Улсын Заан, Харцага, Гарди гээд олон цолтнууд төрөн гарч, дээшээ өсөн дэвжиж явж байгаа.
Ер нь зорилго нь төрийн наадамд том даваанд барилдах, том цол авах, маш том зорилготой анх байгуулагдаж байсан. Иймдээ ч зорилгынхоо төлөө бид ерөнхийдөө бага багаар ахиад явж байна.


Монгол Улсын Харцага О.Мөнх-Эрдэнэ: Зорилго гэдэг зүйлийг том тавиад л хязгааргүй зүтгээд байвал спортоос салахын аргагүй амттай даа
Бага насны гэртээ Сар шинээр гэр бүлээрээ бөхөө үзээд суух тэр л үе хамгийн дурсамжтай
-Миний хувьд бага насандаа зурагтаар сар шинийн битүүний өдөр яг буузаа жигнээд л яг битүүлэх гээд л. Тэгээд гэр бүлээрээ, халуун ам бүлээрээ Сар шинийн барилдаан үзээд суух тэр л хамгийн их дотно үлдчихсэн байдаг юм.
Тэр үед чинь нөгөө Монгол бөхийн холбооны Д.Цогтбаатар ах бөх тайлбарлаад л их гоё. Сар шинийн модон морин жилийн гээд л тайлбарлаад л, гоё тийм их их сайхан шүү дээ. Тэддүгээр 60-ны гээд л бөхөө тайлбарладаг. Яг бага насны сар шинийн барилдаан тэр л хамгийн чихэнд сэтгэлд тод үлдсэн байна даа.
“Нэгдэл” клуб бол “Өв соёл” гэдэг зүйл дээрээ Монголчууд нэгдэх ёстой гэдгийг харуулж яваа
-Анх “Нэгдэл” гээд нэр өгөөд, ямар зорилготой байгуулж байсан бэ? гээд би нэг удаа асууж байсан. “Өв соёл” гэдэг зүйл дээрээ Монголчууд нэгдэх ёстой.
Дотроо өрсөлдөх ёстой. Спорт учраас “тэмцэл” хэмээх зүйл дээр бүх л хүн анхаарал, төвлөрлийг өгдөг. Хэдийгээр спортод тэмцдэг ч гэсэн өв соёл дээр Монголчууд нэгддэг учраас бэлгэдэж энэ нэрийг өгсөн дөө гэж анх надад зорилгоо тайлбарлан хэлж байсан.
“Спорт бол хязгааргүй зүйл”
-Спорт бол анхнаасаа л миний ойлголтоор хязгааргүй зүйл гэж боддог. Анх чөлөөт бөхөөр хичээллэж байлаа. Тэгээд л анх чөлөөт бөхийн өнхрөлт хийж сураад л дахиад нэг мэх хийж сураад, мэхэн дээрээ дахиад л мэх чинь дахиад задарна. Энэ мэхийг хийгээд сурчих юмсан гээд тэрийгээ сурахаараа тэндээсээ кайф авдаг. Сурсаныхаа дараа дахиад тэр мэхээрээ хүн давахаараа кайф авдаг. Спортын энэ бүхэн нь ингээд алхам тутамдаа намайг татах зүйл байна даа. Бөхөөрөө хичээллээд ялаад байвал Улсын цолонд хүрнэ.
Өндөр цолонд хүрнэ. Бүгд л алхам тутамдаа л ер нь хүн татах чадвартай салбар бол спорт юм. Зорилго гэдэг зүйлийг том тавиад л хязгааргүй зүтгээд байвал спортоос салахын аргагүй амттай даа.


Монгол Улсын Харцага Ш.Пүрэвгарьд: “Нэгдэл” клубын хэмжээнд хоёр багштай байна гэдэг нь бидэнд маш том алтан боломж
2017 оны Сар шинийн барилдаанд шөвгийн 8-д үлдэж байсан тэр барилдаан гоё
-Миний хувьд 2017 оны Сар шинийн барилдаан маш сайхан. Тэр барилдаанаар шөвгийн 8-д үлдэж байсан. Тухайн үед Аймгийн арслан цолтой, тэгээд Сар шинээр айл болгонд орохоор л ерөөсөө бөх давтаж байдаг. Тэгээд гарч байхаар чинь өө энэ байна шүү дээ гээд яриад л, тэр барилдаан их сайхан санагддаг юм.
“Нэгдэл” клубт 12 аймгаас хүчтэнүүдийг нэгтгэсэн. Чөлөөт бөх болон Үндэсний бөхийн барилдааны бэлтгэл хийдэг
“Нэгдэл” клуб маань 2021 онд байгуулагдаад өдгөө 5 жил болж байна. Нутаг нутгийн хүчтэнүүдийг чуулуулсан клубыг маань Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б.Батзориг гэж хүн анх байгуулсан. Нийтдээ 12 аймгаас улс, аймгийн цолтой 12 бөх, 2 дасгалжуулагчтай, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Миний хувьд хамгийн анх үүдээ нээхэд нь л орж байсан ууган гишүүдийн нэг.
Дасгалжуулагчаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол Улсын Начин Жаргалсайханы Чулуунбат, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Аймгийн начин А.Өгийдалай гээд хоёр багш маань бий. “Нэгдэл” клубын хэмжээнд хоёр багштай байна гэдэг нь бидэнд маш их алтан боломж байхгүй юу. Дэвжээн дээрээ очиж бэлтгэл хийнэ, нутгийнхаа дэвжээн дээр мөн клуб дээрээ бас очиж бэлтгэл хийнэ.
Хоёр багштайгаа алдаа, оноогоо зөвлөлдөж, мэх техникээ давтдаг. Түүгээрээ бид нар давуу талтай.


Аймгийн арслан Ч.Алтангэрэл: “Нэгдэл” клуб олон сайхан залуучуудыг нэгтгээд, нэг зорилготой, эв нэгдэлтэй, бусад клубүүдээсээ л тэгэж ялгардаг гэж боддог
Сар шинийн бүх барилдаан л дурсамжтай байдаг
-Миний хувьд бол ер нь жил бүрийн л Сар шинийн барилдаан ер нь дурсамжтай байдаг. Яг нэг хөдөө бүгд тавгийн идээгээ засаад, битүүлгээ бэлдээд, ширээгээ засчхаад бөхийн барилдаанаа гэр бүлээрээ үзэх тэр л ер нь дурсамжтай болчихсон байдаг шүү дээ.
“Нэгдэл” клубынхэн зүрх сэтгэлээрээ нэгдэцгээсэн
-Би анх “Нэгдэл” клуб үүсгэн байгуулагдахад Н.Золбоо ах, талийгаач Ө.Батзул ах маань ийм клуб байгуулагдах гэж байна гээд санал тавиад л анх тамирчнаар орж байлаа даа. Одоо ингээд 5 жил өнгөрсөн байна. Манай “Нэгдэл” клуб олон сайхан залуучуудыг нэгтгээд, нэг зорилготой, эв нэгдэлтэй, бусад клубүүдээсээ л тэгэж ялгардаг гэж боддог юм. Багийн ахлагчаар Монгол Улсын Харцага Н.Золбоо ах маань ажилладаг.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн ивээн тэтгэгч:
- Чанарыг эрхэмлэгч Mon Gloves
- Одоо бол хожиж болдог сугалаа Bumtan Sugalaa
- Чанар технологиор тэргүүлэгч Мах Импэкс ХК
- Өнөд өвлөгдөх үндэсний брэнд Өв соёл ХХК
-
Үзэмж Монгол Брэнд Uzemj brand
- Монгол Үндэстний малгай Тоорцог малгай










Спортын сэтгүүлч: А.Алтанчимэг
Зураглаач: Б.Мөнх-Оргил
Зураглаач: С.Батболд
Эвлүүлэгч: А.Батбаяр
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






