
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриалж, сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийнхэн өнөөдөр ЗХУТ-д зах, худалдааны төвийн удирдлага, менежер, зохион байгуулагчидтай уулзаж санал солилцлоо.
Тодруулбал, баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг тул иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл уртасгахыг санал болголоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ” гэв.


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал














