
ХХААХҮ-ийн сайд цаг үеийн асуудлаар М.Бадамсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “ХХААХҮ-ийн яамыг Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу нүүлгэх ямар ч шийдвэр гаргаагүй. Намайг ажлаа авахад яам хоёр талдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Яамны харьяа газруудын дийлэнх Дархан-Уул аймагт, Улаанбаатар Мал эмнэлгийн ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Судалгаа хөгжлийн төв байгаа. Одоо ААН-үүдээс ямар хүсэлт ирж байна вэ гэхээр “Хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн 97-98 хувь нь Улаанбаатар хот болон бусад аймагт үйл ажиллагаа явуулж байхад яагаад энэ салбарын 1-2 хувь нь байдаг Дархан-Уул руу нүүлгэсэн юм бэ” гэдэг. Миний хувьд өмнө нь энэ салбарын сайд байсан бол нүүлгэнэ гэсэн шийдвэрийг гаргахын өмнө олон нийтээс санал асуулга, мөн ажилтан албан хаагчдаасаа санал асуулга авах байсан. Судалгаа тооцоо багатай, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан. Одоо би хүний эрхийг дээдэлнэ. Өчигдөр нэг сайд хотоос Дархан-Уул руу, өнөөдөр нэг сайд буцаагаад хот руу нүүлгэнэ гэж хүнээр тоглосон шийдвэр гаргахгүй. Зарим нь байр саваа зараад, гэр бүлээ ажлаас нь гаргаад тийшээ явсан байгаа. Хүний амьдрал тоглоом юм уу. Нүүлгэнэ гэсэн шийдвэрийг УИХ-ын гишүүд дэмжсэн учир буцаагаад хот руу нүүлгэх эсэхийг УИХ өөрсдөө шийднэ” гэлээ.






